Монголын эдийн засгийн дэлхийд байхгүй нэгэн онцлог бий. Энэ бол хууль бусаар олж авсан асар их хөрөнгө. Тоо хэмжээ, мөнгөн дүнг нь янз бүрээр л багцаалсан байдаг. Ямар ч байсан хүүхдийн мөнгөний нэг их наядыг хэдэн арван жил даачих хэмжээний юм байгаа нь тодорхой. ХЗДХ-ийн өмнөх сайд асан О.Алтангэрэл энэ нөөцийг дайчлан авахаар ажлаа нэгэнт эхлүүлсэн үед сайд нь солигдсон. Одоогийн шинэ сайд Л.Мөнхбаатар энэ хууль бус хөрөнгийг хураах тухай хуулийн төслийг шатаачихаагүй бол энэ төсөл ширээ, шүүгээнд нь байх л учиртай.
Уул нь хууль бус хөрөнгө хураах ажлыг үргэлжлүүлсэн бол эдийн засгийн мөчлөгийн уналт руу хүүхдийн мөнгө журамлах яриа хэл ам бололгүйгээр алдагдалгүй төсөвтэй 2026 он руу орчих байлаа.
Төсвийн алдагдал гэдэг бол Үндэсний валютын худалдан авах чадварыг бууруулан инфляцыг дэмждэг. Ам.долларын ханш гэдэг бол Монголын эдийн засгийн суурь үнэ, Монголын эдийн засаг бол ам.долларын эдийн засаг. Өнгөрсөн долоо хоногт ОУВС-ын сангийн төлөөлөгчид манай Манай сангийн яамныхантай уулзаад явсан нь ирэх онд төсөв хүндрэхийн, эдийн засаг хямарна гэдгийн баталгаа. Тэгэхээр бид байж болох бүх нөөцөө дайчлан энэ хямралыг давж гарахад чиглүүлэх ёстой.хууль бус хөрөнгө гэх онцгой нөөцөө дайчлан авахын тулд одоогийн ХЗДХЯ-ын сайдыг ажлаа хийхийг шаардаад үгүй гэвэл сэлгэх хэрэгтэй.
Ингэхэд хүүхдийн мөнгийг танахгүй, танана гэх энэ яриа, хов хэрүүл өрнөхгүй хууль бус хөрөнгийг татан төвлөрүүлээд хүүхдийн мөнгөө ч зогсоохгүй, алдагдалгүй төсөвтэй шинэ жил, ёолкондоо орох байлаа.
Нийтлэлч Чонос Отгоннасан ГАНЗОРИГ





