Хятадын цэргийн таван том тойргийн (Зүүн, Баруун, Өмнөд, Хойд, Төв) бүх командлагч генералууд авлигын хэргээр саатуулагдан шалгагдаж байна.
Баруун тойргийн командлагч Ван Хайжиан гуравдугаар сард “алга болсон”.
Зүүн тойргийн командлагч Лин Шяньян гуравдугаар сард “алга болсон”.
Төвийн тойргийн командлагч Ван Цян зургадугаар сард “алга болсон”.
Хойд цэргийн тойргийн командлагч Хуан Мин наймдугаар сард “алга болсон”.
ХАЧА-ийн дээд удирдлага, цэргийн элитүүдэд томоохон цэвэрлэгээ, авлигын эсрэг ажиллагаа хүчтэй явагдаж байна.
Ши Жиньпин 2012 онд анх засгийн эрхэнд гараад өөрийнхөө томилсон генералуудыг албан тушаалаас нь буулгаж байна. Генералуудын ихэнхийг нь 2022 оны аравдугаар сараас хойш баривчилсан юм. Товчхондоо Ши-гийн ХАЧА-д явуулж байгаа цэвэрлэгээ Мао Зэдуны үеийн “Соёлын хувьсгал”-ын дараах томоохон цэвэрлэгээтэй төстэй байна хэмээн ажиглагчид дүгнэж буй: Тодруулбал, 1971 онд Мао Зэдун Линь Бяогийн зөрчилтэй холбоотойгоор ХАЧА-д томоохон цэвэрлэгээ болж байсан. Линь Бяо ЗХУ руу дүрвэхийг завдаж яваад Монголд онгоцтойгоо сүйрч, дараа нь “Линь Бяогийн эсэргүү бүлэг”-ийн эсрэг хэргүүд өрнөж, ХАЧА-ийн олон генералууд урт хугацаагаар хоригдсон байсан түүх ч бас бий.
Энэхүү цэвэрлэгээний цаана Ши Жиньпин арми доторхи хяналтаа улам чангатгаж, өөрийн эрх мэдлийг баталгаажуулж буй үйл явц харагдаж байна. Энэ нь Тайванийн асуудалтай холбогдох стратегийн бэлтгэлтэй шууд холбоотой.





