Найруулагч Ж.Сэнгэдоржийн дэлгэцийн шинэ бүтээл болох “The Muralist” буюу “Ханын зураач” уран сайхны кино олон улсын Таллины “Хар шөнө” кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарчээ. Ингэснээр түүний ээлжит уран бүтээл дэлхийн нээлтээ ирэх 11 дүгээр сарын 19-нд хийхээр болсон байна. Энэ талаар найруулагч Ж.Сэнгэдоржоос тодруулахад “Ханын зураач” уран сайхны киног анх зохиолч Б.Хишигжаргалын “Сэтгэлийн зураас” нэртэй туужаас сэдэвлэн хийхээр болсон. Уг тууж нь зураач хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг бөгөөд зохиолч маань киноны продюсераар ажилласан. Киноны зураг авалтыг 2024 онд эхлүүлж, 45 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт хийсэн. Гол дүрд Өвөр Монголын жүжигчин, найруулагч Б.Баян-Ерөөлт тоглосон юм. Уран сайхны киноны техник студиар “Логик фильм” продакшны хамт олон ажилласан бол ерөнхий оператороор Э.Нэргүй, ерөнхий зураачаар Б.Тэгшсүрэн нарын уран бүтээлчид ажилласан. Уран сайхны кино маань олон улсын Таллины “Хар шөнө” кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, дэлхийн нээлтээ ирэх арваннэгдүгээр сарын 19-нд хийхээр болсон” гэсэн юм.
Үүнээс гадна найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл “Чимээгүй хотын жолооч” уран сайхны кино 98 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын арга хэмжээний урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.

Оскарын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрөлд нэр дэвшүүлэх бүтээлийг сонгон шалгаруулах Үндэсний сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүний зарыг олон нийтэд нээлттэй зарлан гишүүнээр ажиллах хүсэлтэй уран бүтээлчдийн материалыг хүлээн авч хорооны бүрэлдэхүүнийг 2025 оны наймдугаар сард байгуулсан байна. Тус хороо нь 2025 оны есдүгээр сарын 29-ний өдөр хуралдан ирүүлсэн кино уран бүтээлүүдтэй танилцаж, 98 дахь удаагийн “Академи Авардс” буюу “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын “Олон улсын шилдэг бүрэн хэмжээний кино” төрлийн урьдчилсан шалгаруулалтад Монгол Улсыг төлөөлөн оролцох кино бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн “Чимээгүй хотын жолооч” уран сайхны киног шалгарсан байна.





