Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Учрал, “Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль болон түүнийг дагасан 120 хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдож байхдаа “Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг УИХ-д өргөн мэдүүлнэ” гэдгээ зарласан. Бид 100 хоногийн хугацаанд энэ хуулиуд дээр ажиллалаа.
Ирэх оны төсөв, төсвийн бодлого, төсвийн хүрээг өргөн барихдаа бид нэрлэсэн ДНБ-д эзлэх татварын орлогын харьцааг 30.6 хувь болгож бууруулсан. Өнгөрсөн онд энэ үзүүлэлт 37 хувь байсан. Энэхүү харьцаа буурснаар хувийн хэвшилд илүү орон зай гарна. Учир нь төр бизнесийн орчинд хэт оролцож, хувийн хэвшилтэй өрсөлддөг гэсэн шүүмжлэл байсаар ирсэн. Үүнд бид бодит тоон үр дүнгээр хариу өгч, орчныг тэлж байна. Энэ хүрээнд,
- Татварын багц хууль,
- Эдийн засгийн эрх чөлөөний хууль,
- Бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах багц хуулиудыг
- баталснаар бизнесийн орчин бодитоор сайжирна гэж үзэж байна.
- Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль
- Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 378 хуулийг хиймэл оюун, их өгөгдөл ашиглан шинжилж үзэхэд:
- Эдийн засгийн эрх чөлөөг зөрчиж болзошгүй 228 хууль
- Шууд зөрчдөг 110 хууль тогтоогдсон.
Эдгээр нь бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд бодит саад болж байна. Иймээс 110 хуулийн заалт, зохицуулалтыг дагалдах өөрчлөлтөөр засаж оруулна. Энэ хуулиар,
- Үндэсний аюулгүй байдал, шударга өрсөлдөөн, нийтийн ашиг сонирхлоос бусад тохиолдолд эдийн засгийн эрх чөлөөг хязгаарласан хууль батлахыг бүрэн хориглоно.
- Хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хамгаална.
- Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх механизм бүрдүүлнэ.
- Хөрөнгө оруулалтын гэрээнд хуулийг буцаан хэрэглэдэг практикийг зогсоож, хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг хуульчилна.
- Хуулиас давсан журам, шаардлага тогтоохыг хориглоно.
- Хязгаарлалт тогтоохоос өмнө хамгийн багадаа 90 хоногоос нэг жилийн хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэг хийх шаардлагыг оруулна.
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хувьд 1993 оноос хойш олон жил яригдсан боловч батлагдаагүй байсан энэ хуулийг өргөн мэдүүлэхэд бэлэн боллоо. Гол шинэчлэлүүд,
Маргааныг олон улс, эсвэл үндэсний арбитраар шийдвэрлэх боломжийг бүрдүүлнэ (НҮБ-ын загварт нийцсэн Арбитрын хуулийг ашиглана).
Хөрөнгө оруулагчийн гомдлыг шүүхээс өмнөх шатанд шийдвэрлэх механизмыг бий болгоно (одоогоор гомдлын ердөө 25 хувь нь шийдэгддэг).
- Хөрөнгө оруулалтыг хязгаарласан 14 хуульд өөрчлөлт оруулна.
- Гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд хөдөлмөр зуучлахыг хориглосон заалтыг цуцална.
- Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг олон улсын байгууллагаар хийлгэхийг зөвшөөрнө.
- Гадаадын тусгай зөвшөөрлүүдийг дүйцүүлэх боломж бүрдүүлнэ.
- Гадаадын хэвлэл, оюуны өмч эзэмшигчид Монголд бүтээлээ орчуулах, түгээх эрх зүйн орчныг сайжруулна.
- Монгол банкнаас журмаар тогтоосон 13 нэмэлт шаардлагыг хүчингүй болгож, гадаадын банк орох боломжийг төрийн зохицуулалтаар хязгаарлахгүй.
Хуулиар бус, журмаар зохицуулж ирсэн хөрөнгө оруулалтын бүртгэлийг хуулийн зохицуулалтад шилжүүлнэ.
Өнөөдөр бизнес эрхлэхэд бүртгэл, гэрчилгээ, магадлан итгэмжлэл зэрэг нэрээр зөвшөөрөлтэй дүйх олон хориг саад үүсдэг.
Үүний оронд мэдэгдлийн шинэ систем нэвтрүүлнэ. Жишээ нь, “Би хүнсний дэлгүүр нээх гэж байна” гэж e-Business 2.0 системд нэг товч дараад илгээхэд хангалттай үйл ажиллагаагаа шууд эхэлнэ. Энэ хуулиар,
- 251 тусгай зөвшөөрлийн 98 хувийг цахим хэлбэрт шилжүүлнэ.
- Тусгай зөвшөөрлийн хугацааг 10 жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг 5 жилээс доошгүй болгоно.
- Сунгахдаа дахин материал шаардахгүй.
- Төр иргэн, бизнесээс цаас шаардахгүй.
- 45 тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөл, 32 энгийн зөвшөөрлийг мэдэгдэл болгоно.
- 13 зөвшөөрлийг бүрэн цуцална.
- 120 зөвшөөрлийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
Эдгээр шинэчлэл, багц хуулиудыг дагаад эдийн засгийн эрх чөлөөг шууд зөрчсөн 110 хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлэхэд бэлэн болсныг Засгийн газарт танилцууллаа” гэв.





