эдийн засаг

МОНГОЛ МАЛЫН ҮРЖЛИЙН СТРАТЕГИ БАТЛУУЛЖ, ТОГТВОРТОЙ БАЙДЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ

Монголчууд хээлтүүлэгч малыг сүргийн талтай тэнцэнэ гэж үзэн, чанарт нь илүү анхаарч ирсэн. Үндсэн хуулиндаа ч мал сүрэг үндэсний баялаг мөн хэмээн төрийн хамгаалалтад авахыг тусгасан байдаг. Тэгэхээр, энэхүү үндэсний баялгийн цөм болсон эцэг малын чанар, бүс нутгийн онцлогт тохирсон үүлдэр, омгийг хадгалах, сайжруулах ажлыг ч төрийн бодлогодоо тусгаж, хуульчилсан бөгөөд холбогдох журам, баримт бичгийн хүрээнд нутаг нутгийн шилмэл сүрэг, гойд ашиг шимт мал үржүүлгийн ажилд ихээхэн санаа тавьж ажиллаж байна.

Малыг малчдад хувьчилснаас хойших 20 гаруй жилд сайн л гэж сонссон эцэг мал бүхнийг авчирч, сүргийнхээ ашиг шимийг нэмэгдүүлэхээр малчид бор зүрхээрээ зүтгэж ирсэн. Харамсалтай нь, эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдийн бий болгож баталгаажуулсан үүлдэр, омгийн чанарыг нь сайжруулж, өсгөн үржүүлэх бус, мэргэжлийн мэдлэг, зөвлөгөө, шинжлэх ухааны ямар ч арга зүйгүйгээр зөвхөн өнөө, маргаашийг харсан замбараагүй үржүүлгийн ажлыг өрхийн хэмжээнд явуулсан нь ихэнх тохиолдолд амжилтгүй болж, эрлийзжүүлэг хавтгайрснаар бүс нутгийн байгаль цаг уурын онцлогт тохирохгүй мал сүрэг жилээс жилд улам давжаарч, ашиг шимээ алдсаар байгааг малчид, үйлдвэрлэгчид бид бүхэн бэлхнээ харж байна.

Тиймээс, төр, засгаас мал аж ахуйн салбарын стратеги, бүтэц, зохион байгуулалт, төсөв, санхүүжилт, үйл ажиллагааны цар хүрээнд шинжлэх ухааны арга зүйн дагуу үржлийн ажлыг хөтлөн явуулах үржлийн бодлого, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор салбарын мэргэжилтэн, судлаачид, малчдын санал хүсэлт, бодит байдлын үнэлгээнд тулгуурлан Малын генетик нөөцийн тухай хуулийг 2017 онд баталсан байдаг.

Ингэснээр, монгол малын үүлдэр угсааг сайжруулах, бүс нутагтаа тохирсон мах, сүү, ноос, ноолуурын чиглэлийн шилмэл үүлдрийг үржүүлж, сайжруулах ажлуудыг бодлогын түвшинд үе шаттай хэрэгжүүлсээр байна. Тухайлбал, орон нутгийн байгаль, цаг уурын онцлог, нөхцөлд тохируулан, мал өсгөн үржүүлэх, ашиг шимийг нь тогтвортой нэмэгдүүлэх зорилго бүхий “Төрөл бүрийн үүлдэр, омгийн малыг үржүүлэх бүс, байршил тогтоох журам”-ыг Монгол Улсын Засгийн газар 2022 оны 92 дугаар тогтоолоор баталж, ХХААХҮ-ийн Сайдын 2022 оны А/144 дүгээр тушаалаар Монгол Улсад хянан баталгаажсан үүлдэр, омгийн мал болон импортоор авсан малыг үржүүлэх бүс байршлыг аймаг, сум бүрээр тогтоосон билээ. 

“ҮРЖЛИЙН АЖЛЫН СТРАТЕГИ” ЦӨМ СҮРГИЙГ САЙЖРУУЛАХАД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

АДАПТ төслөөс уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд хамгийн их өртсөн дөрвөн аймгийн 68 суманд нарийвчилсан үнэлгээ хийж, 24 сумыг маш өндөр эрсдэлтэй гэж үнэлсэн. Энэхүү эрсдэл өндөр 24 суманд “Малын үржлийн ажлын стратеги, төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны дунд хугацааны баримт бичиг” боловсруулах ажлыг орон нутгийн малчид, иргэд, мэргэжилтэн, удирдлагуудын санал, санаачилгад тулгуурлан, үндэсний зөвлөх эрдэмтэн, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор зохион байгуулж байна.

Энэхүү стратегийн хүрээнд төслөөс зөвхөн зөвлөмж өгөөд зогсохгүй сургалт, сурталчилгаа хийж, малчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах үндэсний болон, орон нутгийн боловсруулах үйлдвэрүүдтэй холбон өгч, урт хугацаанд түншлэлийн зарчмаар ханган нийлүүлэх гэрээ байгуулан ажиллах, орон нутагт дундын хоршоо болон мэргэжлийн ажил үйлчилгээний хувийн мал үржлийн нэгж байгуулж, хээлтэгч, хээлтүүлэгчээр хангах ажлыг орон нутгийн оролцоотой, үе шаттай хэрэгжүүлэх юм.

Ингэснээр, урт болон богино хугацаандаа бодит үр дүн гарч, малчид бэлчээрийн даацдаа тохирсон чанартай мал үржүүлж, ахуйгаасаа олох орлогоо тогтвортой нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ. Жишээ нь, тухайн сумын стратеги, бодлого, төлөвлөгөөг бүх нийтээрээ амжилттай хэрэгжүүлснээр таван жилийн дараа нэг хонины амьдын жинг 4-5 кг-аар, нэг гулууз хонины махны жинг 2-2.5 кг-аар нэмэгдүүлж зах зээлд борлуулах боломжтой болох юм.

Үүнийг АДАПТ төслийн баг тухайн сум, орон нутагтай хамтран баг, сумын Иргэдийн хурлаараа хэлэлцүүлэн баталгаажуулж, тогтвортой хэрэгжүүлэх үндэс суурийг тавих юм.

Монгол орны уур амьсгалын эрс тэс нөхцөлд бүс нутаг бүрдээ зохицсон мал сүргийг үржүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх, чанартай өсвөр малыг богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулах, зарим суманд дундын хоршоо дээр суурилсан “Нэг цэгийн загвар хоршоо” байгуулан бэхжүүлэх, малчид, төр, хувийн хэвшлийн түншлэлийг бий болгож, урт хугацаанд тогтвортой, харилцан ашигтай хамтран ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх, хоршоо, хувийн малын үржлийн ажил үйлчилгээний нэгжид үржлийн сайн чанарыг мал нийлүүлэх зэрэг арга хэмжээнд зориулан сүүлийн гурван жилийн хугацанд АДАПТ төслөөс Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймагт нийт 750 мянга гаруй ам.долларын дэмжэг үзүүлээд байна. Аймаг тус бүрд сайн чанарын малын үржлийн ажилд зориулсан хөрөнгө, ажил үйлчилгээний талаарх мэдээллийг дор багцлав

Зургийн тайлбар: Дорнод, Сүхбаатар, Завхан, Ховд аймгийн 8 сумын загвар хоршоонд нэг цэгийн загвар хоршоо байгуулан ажиллуулахад зориулан нэг бүр нь 97 сая төгрөгийн үнэ бүхий  бүтээгдэхүүн хадгалах 20тн хөргүүртэй контейнер олгов.

ДОРНОДЫН ТАЛД ТОХИРСОН ЦӨМ СҮРГИЙГ ХАРИУЦАГЧИД АМЬДРАЛЫН ТУРШЛАГААРАА ИЛҮҮРХЭЖ БАЙНА

Дорнод аймагт малын чанарыг сайжруулж, цөм сүргийн үржлийн ажлыг хэрэгжүүлэхэд төслөөс 17.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, орон нутгийн сангаас 7.5 сая төгрөгийг гаргаж, махны чиглэлийн үхрийн үржлийг сайжруулахаар ангус үүлдрийн таван толгой үржлийн бух худалдан авч өгсөн байна. Уг ажлыг Монгол Улсын гавьяат мал зүйч, 40 шахам жил Дорнод нутгийн мал сүргийн удмын санг сайжруулах чиглэлээр дагнан ажилласан С.Итгэл захиралтай “Сан бэйс” ХХК гүйцэтгэжээ.

Цагаан-Овоо сумын хоёрдугаар багийн малчин өдгөө 74 настай М.Нямханд гуай мах, ноосны чиглэлийн Барга үүлдрийн хуц, ноолуурын чиглэлийн хар ухнаас бүрдсэн цөм сүргийг хариуцан малладаг. Тэрээр, Эцэг мал хариулна гэдэг их хариуцлага байдаг. Би энэ хуц ухнаа өвдүүлэхгүй, шим тэжээлийн доройтолд оруулахгүй, сэргэг сайхнаар нь авч явбал нутгийн малчдын маань сүрэг тэр хэмжээгээр чанаржиж, ашиг шимийг нь хүртэх учраас хичээж ажилладаг.

Залуудаа мал аж ахуйн чиглэлээр техникум төгсөж, дунд мэргэжил эзэмшсэн тул үржил селекцийн талаар мэдлэг туршлага надад бий.

Гэхдээ орчин үеийн дэвшилтэт технологи, шинэ сайн туршлагуудыг ч мөн адил эзэмших хэрэгтэй гэж зориод өнгөрсөн жил ХААИС-ийг дүүргэсэн гэж ярьсан юм.

СҮХБААТАР АЙМГИЙН ЦӨМ СҮРГИЙН БҮТЦИЙГ ХАДГАЛЖ, САЙЖРУУЛАХАД АНХААРЧ БАЙНА

Сүхбаатар аймагт цөм сүргийн үржлийн ажил үйлчилгээний “Шавхагдашгүй баялаг” ХХК-аар дамжуулан бог малын ангиллын хашаа, үржлийн багажнуудыг АДАПТ төслөөс авч өгсөн байна. Мөн Үзэмчин үүлдрийн охин төлөг, Баяндэлгэрийн улаан борлон тус бүр 20, нийт 40 толгой үржлийн мал, түүнчлэн Үзэмчин үүлдрийн хуц, Баяндэлгэрийн улаан ухна тус бүр дөрвөн толгой, нийдээ 48 толгой үржлийн мал болон малын ангилалтын хашаа, үржлийн багаж тоног төхөөрөмжийг төслөөс худалдан авч өгсөн нь нийт 48 сая төгрөгийн хөрөнгө оруулалт болжээ. Үүн дээр 5.5 сая төгрөгийн үржлийн багаж, тоног төхөөрөмж мөн өгсөн бөгөөд орон нутгийн өмчит үржлийн аж ахуй нь бусад сумдын малыг сайжруулах, хээлтүүлэх ажлыг гүйцэтгэсэн байна.

Баруун-Уртын 6-р багийн “Билүүт өсөх” хоршооны дарга Г.Уранчимэг 1978 онд ХАА-н техникум төгсөж ирээд зоотехникч болж, аймгийн хэмжээнд үржлийн ажлыг хариуцан ажиллаж ирсэн ажээ. Өдгөө тэрээр АДАПТ төслөөс байгуулж өгсөн үржлийн цөм сүргийг хариуцаж байгаа бөгөөд хүү Бат-Эрдэнээ мөн ижил мэргэжлээр сургаж, ажлаа өвлүүлж байгаа тухай ярьсан юм.

“Үзэмчин үүлдрийн хонь бол Монголд номер 1-д ордог ашиг шимтэй мал. Үүнийг мэргэжлийн хүн л авч явахгүй бол бусниулаад хаячихдаг. Намар хээлтүүлгийн өмнө цусны шинжилгээ хийлгэж, элдэв өвчингүй, эрүүл гэдгийг нь баталж байж малчдад өгдөг” гэж Г.Уранчимэг ярьсан бол хүү Бат-Эрдэнэ нь “малчид өөрсдийн дураар энд тэндээс сайн гэж сонссон хуц, ухнаа авчирч нийлүүлээд, гарсан төл нь амьдрах чадвар, ашиг шим муутай болж сүргийн бүтцээ эвдээд байсанд харамсаж явдаг” тухайгаа хэлсэн билээ.

Харин одоо үржлийн стратегийн дагуу бүс нутагт тохирсон малаа өсгөх боломжтой болсон, үүнд төрийн болон мэргэжлийн байгууллагууд, олон улсын төсөл хөтөлбөр дэмжлэг үзүүлж байгаад талархаж байгаагаа уламжилсан юм.

Ховд аймгийн Засаг даргаас тавьсан хүсэлтийн дагуу орон нутаг болон төслийн хамтарсан санхүүжилтээр үржлийн мал худалдан авах ажлыг энэ жил зохион байгуулж байна. Ховдод үржлийн баталгаажсан гурван үүлдрийн мал байдаг. Дарви суманд Торгууд үүлдрийн нэг настай охин төлөг 100 толгой, хуц 50 толгой, Сутай үүлдрийн охин төлөг 400 толгой, хуц 200 толгой, мөн Алтай суманд Алтайн улаан ямаа 300 толгой, ухна ишиг 150 толгойг авч өгсөн байна. Үүгээр зогсохгүй Ховд аймгаас махны чиглэлийн Эдельбаев хонь авах хүсэлт тавьсны дагуу 20 толгой охин төлөг, хурган хуц 10 толгойг нэмж өгсөн байна.

Нийтдээ 408 сая төгрөгийн үржлийн цөм сүрэг байгуулахад АДАПТ төслөөс 200 саяын хөрөнгө оруулалт хийжээ. Мөн, Алтай, Дарви суманд цөм сүргийн аж ахуйд зориулж хонины хашаа, саравч барьж өгчээ.

Ховд аймаг баруун бүсийн тулгуур төв гэдэг утгаараа үржлийн аж ахуйг хөгжүүлэх Биотехнологийн төв байгуулах хүсэлт тавьсны дагуу 2024 онд 100 сая төгрөгийн төсөвт өртөгтэй биотехнолологийн багаж, тоног төхөөрөмж, бод, бог малын зохиомол хээлтүүлгийн багаж тус бүр 10, үр хадгалах 40 литрийн био савыг тус тус АДАПТ төслөөс өгчээ.

Дарви сумын Сутай үүлдрийн цөм сүргийг хариуцаж буй малчин Г.Галбадрах нутгийнхан нь сүргээ цэвэршүүлж байгаа талаар онцолсон юм. Учир нь, зарим малчин бүдүүн ноос, өөхөн сүүлтэй Барга үүлдрийг сайн хэмээн авчирч үржүүлгэд нийлүүлсэн ч эхний үедээ сайн гараад, хоёр, гурав дахь үедээ давжаарч, өвөл тэсвэргүй, таргаа хурдан алддаг зэргээр баруун бүсэд амьдрах чадвар муутайгаа харуулжээ. Тиймээс, малчид Дарвийн алдартай Сутай хонь л энэ нутагтаа шилэгдсэн үүлдэр гэдгийг ойлгож, буцаад нутгийн үүлдрээ үржүүлж, сүргээ цэвэршүүлж байгаа аж.

Алтайн уулархаг, эрс тэс уур амьсгалтай нутагт дасан зохицсон, хар толгойтой, халзан цагаан зүстэй Сутай хонь нь тэсвэр тэвчээр, ноолуурлаг ноос, махны шүүслэг амтаараа алдартай. Хашаа хороонд хашихгүй, бэлчээртээ хотолдог, хурга нь гараад хагас цагийн дотор л тэнцэж босоод, амлачихдаг чадвартай, тачир өвсөнд дасан зохицсон, цасархаг үед малтаж иддэг, ямар ч зуданд хонь тэжээнэ гэж байдаггүй гэх зэргээр Сутай хонины онцлогийг дурдаад барахгүй.

“Манай малчид 20 гаруй км-т тэмээгээ ачаалж, хонио туугаад хайрхан өөд нүүж зусдаг. Энэ Бор нуруу, бага, дунд Өлзийг даваад 108 төрлийн ургамалтай гэж ярьдаг. Тийм сайхан өвс ногоо иддэг болохоор Сутай хонины махны амт Монголдоо хамгийн амттайд ордог юм билээ” гэж Г.Галбадрах хуучилсан юм.

ИНФОГРАФИК: Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймагт сайн чанарын малын үржлийн ажилд зориулсан хөрөнгө, ажил үйлчилгээ

Монгол Улсад бүртгэлтэй малын үүлдрүүд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 08 сарын 14-ны өдрийн А/405 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Монгол улсад үржүүлж байгаа мал сүргийн үүлдэрүүдийг бүртгэж, кодлон, жагсаалтыг баталсан.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *