нэр төр

Л.БОЛД: ШААРИЙБУУ ГУАЙТАЙ ХАМТ ХЭВЛЭЛИЙН УУЛЗАЛТ ХИЙХЭД БЭЛЭН БАЙНА

2006 онд Малайзад онц хэргийгээр амиа алдсан Ш.Алтантуяа агсны хохирлын төлбөрийг Малайзын шүүхээс олгосон ч УИХ-ын гишүүн асан Сүхбаатарын Батболд, Консулын газрын дарга Я.Ариунболд нар авч, Гадаад харилцааны сайд Лувсанвандангийн Болд Малайзад буулт хийсэн талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдэж, олны шүүмжлэлийг дагуулсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн асан Лу.Болд цахим хуудаснаа доорхи тайлбарыг хийжээ.

Хэн нэгэнд нь намайг гүтгэж доромжлох хэрэгцээ гарсан юм байлгүй дээ. Нөгөө үнэн гутлаа өмсөх зуур худал уул давдаг гэдэг шиг. Сошиал ертөнцөд өчигдрөөс “Сэрдарам Дамдин” нэртэй хаягаас намайг хүний санаанд багтамгүй гэмт хэрэгт гүтгэж, хүний ёсноос гадуур гаж сэтгэлээр доромжлон гүтгэжээ. Ухамсарт бүх амьдралаа хүний эрхийн төлөө тэмцэлд зориулсан миний хувьд энэхүү аймшигт аллагын талаар өөрийн байр сууриа ямагт тодорхой илэрхийлж ирсэн. Монголын төр хохирсон иргэнийхээ төлөө арслан бар шиг арсалдах учиртай юм.

Миний зүгээс Шаарийбуу гуайг боломжийнхоо хирээр дэмжиж төсөөлшгүй зовлонтой нөхцөлд үүрч байгаа ачааг нь нимгэлэхэд анхаарч, хүчин зүтгэж ирсэн нь бодит үнэн юм. Ялангуяа тухайн үед энэ асуудалд намайг ойртуулж, Шаарийбуу гуайтай танилцуулсан Батчимэг гишүүн агсан Монголын төр мэдээллийн дутагдалтай байсан эхний жилүүдийг төөрөгдлийг өөрчлөхөд онцгой үүрэг гүйцэтгэсэн билээ. Энэ талаар бид хамтдаа их хурал дээр олон асуудлыг хөндөн тавьж байсныг тод санаж байна.

Монгол төрийн гарамгай зүтгэлтэн түүний гэгээн дурсгалыг санаж би шүүхээр нэр төрөө албан ёсоор сэргээлгэх болно. Энэхүү увайгүй гүтгэлэгийг түгээсэн Сэрдарам гуай нотлох баримтуудаа шүүх дээр аваад очоорой.

Би нэг удаа Малайзид Олон улсын хүний эрхийн хуралд зориуд хувиараа очиж талийгаачийн амь насыг эрх баригчдаас нь нэхсэн юм. Цаазын ялын эсрэг хурал байсан бөгөөд, энэ хэргийн жишээн дээр цаазын ялаар халхавч болгож хуулийн цоорхойг ашиглаж байгааг анхааруулсан юм. Малайзи улсад алуурчинд цаазын ял оноосон багөөд түүнийгээ гүйцэтгэхийн оронд Австрали руу зугатах боломж өгч, чөлөөтэй байлгаж, ял завшиж байгааг тайлбарсан. Хэрэв тэр этгээд бүх насаар хоригдох ялтай байсан бол Австрали улс гэмт хэрэгтнийг хүлээлгэн өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн бөгөөд тэр жигшүүрт этгээд зохих шийтгэлээ хүлээж, хэргийн эрүүгийн хуулийн процесс дуусгавар болж дараагийн шатны асуудлууд шийдэгдэх байсан юм. Энэ талаар намайг гэмт хэрэгтнийг хамгаалсан мэт баахан гүтгэж олон хүнийг төөрөгдүүлж улс төр хийж байсныг санаж байна.

Зөвхөн их хурал дээр ч биш, төр засгийн бүх шатанд тодорхой асуудлууд тавьж шийдвэрлүүлсэн байдаг, ялангуяа талийгаачийн хүүхдүүдийн ирээдүйг хамгаалах чиглэлээр… Хохирогчийн мөнгийг завшсан, өрөөндөө барилцсан ч гэх шиг юу вэ, дотор муухайрчихлаа. Ингэж хүнийг гүтгэж болдог юмуу. Шаарийбуу гуайтай хамтдаа хэвлэлийн уулзалт хийхэд бэлэн байна.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *