Улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр 10.00 цагт мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ардчилсан үндсэн хуулиа сахин хамгаалах, бататган бэхжүүлэх үүднээс Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолд бүхэлд нь хориг тавьжээ. Ерөнхийлөгчийн хоригийг ЕТГ-ын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцууллаа.
Эргэн сануулахад өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.
Тодруулбал нийт гишүүдийн олонх буюу 71 гишүүн дэмжсэнээр Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулж, түүний Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон юм.
Гэвч дээрх санал хураалт нь Үндсэн хуулийг зөрчсөн, зөрчөөгүй гэх маргааныг дагуулж, Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсгээд байгаа. Тэгвэл дөнгөж сая Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр мэдээлэл хийж Ерөнхий сайдыг огцруулсан тогтоолын төсөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүхэлд нь хориг тавьсан талаар мэдэгдсэн нь энэ.





