Эрх баригч намын даргаар хэн тодрох тухай асуудлаар өрнөж буй өдрүүдэд хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр алдаршуулсан хоёр нэгжлэг, хоёр баривчилгаа болов. Энэ долоо хоногийн улс төрийн гол үйл явдал. Баривчлагдан, саатуулагдсан МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Чулуунбилэгийн хувьд төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй, намын ажил эрхэлж ирсэн намтартай хүн аж. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг МАН-ын гурван даргын нүүр үзэн арваад жил генсек байхад хамтран зүтгэгч байсан байна.
Ц.Чулуунзагдын ах Ц.Ламжав нь Тавантолгойн бүлэг ордын Бортээгийг түшиглэж нүүрс баяжуулах үйлдвэр барьсан “Админерал” ХХК-ийг үүсгэн байгуулагч бөгөөд “Админерал” нь өөр гурван компанийн хамт МТАС түншлэл болж, тендерт шалгарснаар Бортээгийн нүүрсийг олборлох, баяжуулах, борлуулах үүрэг хүлээж, үйл ажиллагаагаа явуулж буй юм байна. Энэ холбоо, хамаарлыг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн, АТГ “яаравчлан хөдлөв”. Намын даргын сонгуулийн их ажлын үеэр намын нарийн бичгийн дарга хүн хоригдлоо. Хоригдлоо ч гэж дээ У.Хүрэлсүх уугуул намынхаа нарийн бичгийн даргыг хорилоо.
Өнөөгийн Монголын улс төрийн талбай дээрх засгийн эрхийн төлөөх өрсөлдөөн намуудын хооронд бус эрх баригч намын дотоодод, “залуу МАН” ба “Дунд үе, ахмад МАН-ын эвсэл” хооронд өрнөх болсоор удсан билээ. Намаа авсан нь улсыг мэднэ.
Ийнхүү уламжлал ёсоор хоёрдугаар зэргийн арга мухардлын схемийн дагуу хүчний байгууллагынхан хөдөлгөн баривчилгаа явуулсан боловч ажиллагааны үр дүн У.Хүрэлсүхийн тооцоолсноос зөрөв. Тооцоо ёсоороо бууж өгөх учиртай байсан Д.Амарбаясгалан “Шударгаар тулалдая” хэмээн намын даргад нэрээ дэвшүүлэхээ зарлалаа.
У.Хүрэлсүх “Миний ард намын олон түмэн байна” арчдаг байсан цаг бий. Саяхан л дээ. Угтаа бол Ц.Элбэгдоржийн увайгүй хаанчлалын үед МАН-ынхан түүнийг тойрон нягтарч байсан зурвас үе бий. Энэ үе нэн шинэ түүх болсон. Одоо У.Хүрэлсүхийн ард нүүрсний олигархиудын санхүүгийн дэмжлэг , шорон гэдэг хөзөр л үлдсэн. Харин Д.Амарбаясгалангийн хувьд нөхцөл байдлыг бодитоор харж буй МАН-ын шударга гишүүд, олон түмэн бий. Хүчний ийм хоёр нөөц халз тулгаралтад орж улс орны хувь заяа шийдэгдэх босгонд тулж ирлээ.
Нийтлэлч Чонос О.Ганзориг





