улс төр

Д.АМАРБАЯСГАЛАН: Г.ЗАНДАНШАТАР, Ж.ЭНХБАЯР, Б.БАТЦЭЦЭГ, Б.ЭНХБАЯР НАР ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫГ АШИГЛАН, ДАРАНГУЙЛАЛ ТОГТООХЫГ САНААРХАЖ БАЙНА

УИХ-ын дарга, МАН-ын даргад нэр дэвшихээ илэрхйилээд буй Д.Амарбаясгалан сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариулсныг тоймлон хүргэе.

  • Орчны бохирдлыг бууруулах үндэсний  хороог би түр хариуцсан. Тухайн үед сайдгүй байсан тул би ЗГХЭГ-ын даргын хувиар түр даргалсан. Энэ хорооны хурлыг би нэг л удаа даргалсан. Та бүхэн тэр хурлын протоколыг уншиж болно.  Протоколыг устгасан мэтээр ярьсан. Би протокол хадгалдаггүй, бичдэггүй.
  • УИХ-ын сонгуулийн өмнө хэнийг хаана нэр дэвшүүлэхийг нэг хүн шийддэггүй. Судалгаанд тулгуурлан шийддэг. Би найзыгаа нэр дэвшүүлэх эрх мэдэлгүй. Н.Энхбаяр Хууль зүйн сайд байхдаа Н.Өнөрцэцэгт ямар бяр гаргалаа даа. Төрийн нууцыг хадгалах үүрэггүй хүнийг нууц материал хадгалсан гээд хорьчихсон. Энэ нь хорих үндэслэл мөн үү? Баримтгүйгээр хүн хорьдгийг болих ёстой. Б.Энхбаяр хүний нүд рүү эгц хардаггүй хүн шүү дээ.  Тэгэхээр яаж би тэр хүнтэй мэтгэлцэх юм бэ?       
  • Одоогийн Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэх тухай яриаг би мэдэхгүй. Засгийн газар дотор ямар яриа гарсныг би мэдэхгүй. Ерөнхийлөгчтэй уулзахад ч энэ талаар яриагүй.  
  • Энэ бямба гарагт (2025.09.27) МАН-ын Бага хурал болно. Тэр хурлаар би ямар дарамтад орсноо ярина. Өчигдөр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр илт худал мэдээлэл өглөө. Зальтай хуульч нар болзошгүй, би хардаж байна гэж ярьдаг. Тэр хүн “Амарбаясгалан “Админерал”-тай холбоотой гэж хэлээгүй. Ямар аймаар юм бэ? Буянд нь бузар ордоггүй юм байх даа. Би намын ЕНБД-аар ажиллахдаа эв нэгдлийг эрхэмлэсэн. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу гэж хүнийг ялгаагүй тул намын гишүүд надад сайн байдаг юм.     
  • Манай намын голлох улстөрчид намайг дэмждэг. Намын даргад  нэр дэвшихээ мэдэгдэхийн өмнө Ц.Чулуунзагдыг баривчиллаа. Надаар энэ мэдэгдлийг хийлгэхгүйн тулд баривчилгаа явуулсан.    
  • Улс төрд байгаа хүмүүс нэгэндээ хатуу үг хэлдэг. Гэхдээ эргээд уулзах нүүртэй байх ёстой. УИХ-ын гишүүн С.Ганбаатарт одоо хэрэг үүсгэн, АТГ шалгаж байна. Энэ хүн 10-аад жилийн өмнө  ҮЭ-ийг удирдсан. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг мөн олон жилийн дараа шалгасан. Эдгээр нь хууль засагладаггүйн бодит жишээнүүд юм.       
  • Ерөнхийлөгч НҮБ рүү явахаасаа өмнө зөвлөхүүдээрээ дамжуулан намыг хагалан бутаргаж болохгүй гэж хэлүүлсэн. Ерөнхийлөгч намын ажилд оролцдоггүй. Ерөнхий сайд Г.Занданшатартай би гурван удаа уулзсан. Надад хүлээж авах боломжгүй санал тавьсан. Жишээ нь, нам хоёр даргатай байх талаарх саналыг би хүлээж аваагүй.      
  • Би Б.Энхбаяр гишүүнтэй муудалцаагүй. Тэр хүн төөрөөд, өөр намаас нэр дэвших гээд явж байхад нь би дуудаж, намаас нэр дэвшүүлсэн юм. Энэ хүний амьдралд би их том өөрчлөлт авчирсан. Би хүнтэй маргахыг боддоггүй, хүний  тухай биш асуудлын тухай ярихыг л хичээдэг. Гэвч Б.Энхбаяр том даалгавар авч, энэ бүхнийг ярилаа. 
  • Би Ерөнхийлөгчтэй хэвийн харилцаатай. Санал зөрөлдөх асуудал гардаг. Тухайн үед ярилцаж, зөвшилцөх замаар ойлголцохыг л хичээдэг. “Ухаа худаг”-ийн асуудал мартагдаагүй. УИХ 16 гишүүнтэй ажлын хэсэг  байгуулан, энэ ордыг хэрхэн хувийн хэвшилд шилжүүлснийг шалгаж байна. Засгийн газар харин эс үйлдэхүй хийж байна.              
  • Манай нам асуудлаа хурдан шийдэж, ард түмний асуудлыг шийдэхийн төлөө ажиллана. Хамгийн сүүлд Л.Оюун-Эрдэнийн асуудлыг ярих үеэр МАН-ын Бага хурлын гишүүдэд дарамт үзүүлж, нөлөөлсөн. Тэдний саналыг хянасан гэдгийг би тухайн үед мэдээгүй. Ийм зүйл дахин гаргуулахгүй, өмнөх хурлын эхэнд би үг хэлээд гараад явчихсан юм.   
  • Нүүрсний үнийг маш багаар тогтоон, урд хөршид нийлүүлэх тухайд сайд асан Ц.Туваанаас асуух хэрэгтэй. Энэ хүн гэрээ байгуулсан. Тавантолгойд сүнс нь хорогдсон олон хүн бий. Алдагдалтай гэрээ гэж үзвэл цуцлаад дахин гэрээ хийж болно. Тонн тутамд 30-40 ам.долларын авлига өгч байхад урд хөрш зөвшөөрөх үү? Тэд нэг ам.долларыг ч бүртгэж гаргадаг, хатуу хяналттай улс. Гэтэл амьдралаас тасарсан зүйл ярих юм.      
  • Би Ц.Чулуунзагдтай эдийн засгийн ямар нэг холбоо хамааралгүй. Энэ хүн өмнө нь сайт байгуулсан туршлагатай тул хамтран цахим худалдаа хийх санал надад тавьж эхлүүлсэн. Тухайн үед амжилт олоогүй, тэгсгээд зогссон юм. Гэтэл биднийг бизнесийн хамтрагч гэж гүтгэв.           
  • Би Л.Оюун-Эрдэнэтэй өмнө нь найз байсан, одоо ч найз хэвээрээ. Цаашид амьдралын найзууд байна. Гэхдээ бидэнд санал зөрөлдсөн үе бий. Би Засгийн газарт орж ажиллахгүй гэсэн юм. Г.Занданшатар дарга тойрогтоо уначихсан тул би УИХ-ын дарга болсон.      
  • Би намын дарга болбол МАН-ыг 21-р зууны нам болгоно. Төрийн бүтэц мөн адил. Социализмын үеийн үзэл бодол, арга барил хэвээр байгааг хална. Намын  зовлон түмний зовлон болж болохгүй тул хурдан шийднэ. Манай намд эрх мэдэл дутаагүй гэдэгтэй би санал нийлнэ. Нэг нам 2-3 ялчхаар зовлон үүсдэг юм байна. Бид вакуум орчноос гарах ёстой.   
  • “ЭТТ” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Мөнхжаргалтай  би олон жил уулзаагүй. Би тэр хүнийг томилоогүй. Тэр хүн Сангийн яамныхантай ойр юм билээ, өмнө нь Төрийн банканд ажилласан гэсэн.  Миний түрүүвчний хэмжээ жижиг. Би шуналгүй, 30 сая ам.долларын авлига авсан бол намайг өдийд бариад аваад явчихсан байгаа.   
  • Институт хооронд зөрчил үүсээгүй. Төрийн ажил явдгаараа явж байна. Улсын төсвийг гурван өдөр хэлэлцлээ. Төсвийг бойкотлох тухай яриа огт гараагүй. УИХ-ын гишүүд төсвийг шүүмжлэх эрхтэй. Шүүмжийг гацаах нь, батлахгүй юм байна гэж буруу тайлбарлаж болохгүй. УИХ ирэх оны төсвийг задлан ярьж байна.       
  • Ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нарыг Г.Занданшатар муудалцуулсан.  Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлье гэсэн саналыг Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар гаргаж байсан.
  • Би намын Ерөнхий нарийн бичгийн дарга байхад надаас тамга авах гэж олон хүн оролдсон. Иймээс намайг нүүрстэй холбосон. Ажлаа Я.Содбаатарт өгөх гэж байтал олон нийтийн  дунд үймээн самуун гарсан тул хойшлуулсан юм. 
  • Талийгаач болсон хүний нэрийг их хөндөж байна. Талийгаач Хасбаатар гэж хүнтэй манай дүү нар уулзаагүй. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр Хууль зүйн сайд байхдаа энэ бүхнийг яагаад шийдсэнгүй вэ? Энэ хүн олон нүүртэй. Хоёр байтугай 20 нүүртэй. Энэ хүн яаж улс төрд орсон бэ гэдгийг санаарай. Өндөр албан тушаалтнуудтай Шрэкийн муур шиг харилцдаг. Ярих юм их байна. Харамсалтай, гунигтай байна. Ийм увайгүй байдалд орсондоо ичиж байна.
  • Өнөөдөр энд ийм зүйл ярьж байгаадаа ичиж байна. Манай дүүг АТГ дуудан мэдүүлэг авсан. Энэ мөрдөн байцаах ажиллагааны нууцад ордог болов уу? АТГ-ыг анх соён гэгээрүүлэх зорилгоор байгуулсан ч одоо улс төрийн зорилгоор ажиллаж байна.    
  • “Улаанбаатар групп”-ийн захирал Батбаатар гэж барилгын компанийн захирлыг их холбож байна.  Энэ хүн намын төв байрны дөрөвдүгээр давхарт фитнесс ажиллуулдаг юм. Намын байранд олон жил завсар хийгээгүй тул энэ компаниар би засвар хийлгэсэн. Өөр харилцаа бидэнд байхгүй.               
  • МАН-д хагарал байгаа нь үнэн. Би 8 жил Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах явцад ийм хагарал үүсээгүй.  Гэтэл Я.Содбаатар нарийн бичгийн дарга болоод ийм байдал үүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Ж.Энхбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар энэ ажлыг хийж байна. Тэд хууль хүчний байгууллагыг ашиглан, дарангуйлал тогтоох гэж байна.       

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *