эдийн засаг

ЗАСГИЙН ГАЗАР: ИРЭХ ЖИЛ 80 МЯНГАН АЙЛЫГ ОРОН СУУЦЖУУЛНА

Засгийн газах ирэх жил орон сууцжуулалтын дагнасан банк байгуулж, жилийн 6-13 хувийн хүүтэй зээлийг иргэдэд олгон, эхний ээлжинд 80 мянган өрхийг орон сууцанд хамруулах зорилт тавьснаа зарлалаа. Баялгийн сангийн тухай хуулиар Ирээдүйн өв санд хуримтлагдаад байгаа 1.2 тэрбум ам.долларыг гадаадад жилийн гурван хувийн хүүтэй хадгалуулж арвижуулж буй. Энэ жил уг санд 2 тэрбум ам.доллар нэмж төвлөрүүлнэ.

Иймээс Ирээдүйн өв санд хуримтлагдах энэхүү хөрөнгийн тодорхой хувийг ард иргэдээ орон сууцжуулахад зориулна  гэдгээ Ерөнхий сайд Г.Занданшатар онцлов.

Ипотекийн зээлээр дамжуулж өнгөрсөн хугацаанд 137.841 иргэнд 9.9 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон ч гэр хорооллын иргэдээс орон сууцанд орсон нь тун цөөн аж. Иймээс орон сууцжуулалтын банкаар дамжуулан олгох хөнгөлөлттэй зээлийг орон нутаг болоод нийслэлийн гэр хороололд баригдсан  орон сууцанд түлхүү олгож, яндангийн тоог бууруулахад анхаарах болжээ.

Өмнөх Засгийн газар Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулахын тулд 20 минутын хот байгуулах зорилт тавьж, дэд төвүүдийг түшиглэн орон сууц барих ажлыг эхлүүлсэн. Гэхдээ түүнд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг  өндөр өртгөөр босгосон. Тухайлбал, Сэлбэ дэд төвийг байгуулахад шаардагдсан эхний санхүүжилтийг жилийн 8 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд гаргаж босгосон. Мөн Хөгжлийн банк гадаад зах зээлээс 9.5 хувийн хүүтэй зээл босгож байгаа. Гэтэл Ирээдүйн өв сангийн 1.2 тэрбум ам.долларыг жилийн гурван хувийн хүүтэй хадгалуулдаг.  Өөрөөр хэлбэл, хүүгийн зөрүү таван хувь гэж тооцоход 300 орчим тэрбумын “алдагдал” үүсэж байгаа. Хэрвээ Монгол Улс Ирээдүйн өв сангийнхаа тодорхой хувийг орон сууцжуулахад зориулбал эх үүсвэр хямдаар босох боломжтой.

Арилжааны банкны ашгийн 53 хувийг ипотекийн зээл бүрдүүлдэг бөгөөд эргэн төлөлт 99.5 хувь байдаг аж.

Хамгийн найдвартай зээл гэж тодорхойлж болно. Иймээс Ирээдүйн өв сангийн тодорхой хувийг орон сууцны санхүүжилтийн эх үүсвэр болгон ард иргэдэд олгоход асуудал үүсэхгүй гэж үзэж байна.

Ипотекийн зээлийн санхүүжилт дутмаг байгаагаас хүлээлт үүсэж, иргэд энэ зээлд хамрагдахын тулд 2-3 жил хүлээх шаардлага үүссэн. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Засгийн газар 2024 онд Хуримтлалын сангаас 480.2 тэрбум төгрөгийг арилжааны есөн банкаар дамжуулан олгосноор нийт 4158 иргэн ипотекийн хөнгөлөлттэй зээлд хамрагджээ. Үүний 2009 нь хөдөө орон нутгийн иргэд бол мөн 2149 нь нийслэлийн иргэд аж.  Хүү бага, урт хугацаатай тул энэ зээлийг авахын тулд иргэд авлига өгдөг асуудал ч яригдах болсон. Дээр нь хүртээмж муугаас байрны үнийг хөөрөгддөг гэх шүүмжлэл араасаа дагуулаад байгаа.

Тэгвэл Засгийн газар орон сууцны дагнасан банк байгуулж ажиллах хүрээнд аль болох хямд өртөгтэй орон сууц барихад дэмжлэг үзүүлэх, нөгөө талдаа зорилтот бүлгийнхнийг энэхүү хямд өртөгтэй зээлд хамруулахад анхаарах аж.

Удахгүй бодлогын баримт бичиг бэлэн болж, УИХ-д өргөн мэдүүлэх юм байна. Иймээс энэ асуудал дээр дэмжлэг үзүүлэхийг УИХ-ын гишүүдэд хандан уриалаад буй.

Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн өгсөн мэдээллээр орон сууцжуулалтын банкаар дамжуулан олгох зээл нь жилийн 6-13 хувийн хүүтэй байна.

Нийслэлийн гэр хороолол буюу Баянхошуу, Шар хад, Толгойт,Сэлбэ зэрэг дэд төвүүдийг түшиглэн босож байгаа орон сууцанд 6 хувийн зээл олгох. Харин хотын төв хэсэгт баригдсан орон сууцанд 13 хувийн хүүтэй зээл олгох.

Ингэхдээ 80 м2-аар хязгаарлахгүй 100 м2-аас дээш байсан ч 12-13 хувийн хүүтэй зээл олгох. Орон нутгийн иргэдэд мөн 6 хувийн зээл олгох, түүнээс болж өгвөл хүүг бууруулах боломжийг эрэлхийлж ажиллаж байгаа аж.

Орлогод нь нийцсэн орон сууцаар хангах бодлого барина. Үүнд төрийн албан хаагч, залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэндээ хямд хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээлийг олгоход илүү анхаарах болжээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *