Б.Хурц генерал 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хувилбар яригджээ. Байж болох, бүр явж болох хувилбар. Монголчууд милитарист менталитет генерал хүнийг дэмжих магадлалтай. У.Хүрэлсүх ч Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхдөө, өрсөлдөх ч юу байх вэ, оролцохдоо сэлэм, буу, танктай фото мессежээр нэлээн нүдэж байсан.
За үндсэн сэдвийн хазайлт боллоо. Нэр дэвших, дэвшихгүй, ялах, ялахгүй нь тусдаа асуудал. Хошууч генерал Ерөнхийлөгчид нэр тухай мэдээллийн ажиллагаа бол Монголын улс төрийг Ц.Элбэгдорж залуурдаж, энэ улсыг далдаас удирдаж буйн ил тод илрэл юм.
Хэд хоногийн өмнө С.Баярцогтыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших тухай сорилын мессеж цацан тандалт явуулсан. Тандалтаар тааруу дүн гарч. С.Баярцогтын улс төрийн карьер Рио тинтод ганц алуулах нь тэр. Д.Амарбаясгаланг нэр дэвшихээ илэрхийлсэн мэдэгдэл хийсний дараа МАН-аас АН-д хандан Ерөнхийлөгчийн сонгуулийг та нар ав, харин 2028 оны сонгуулийг бидэнд өг гэсэн гэдэг. У.Хүрэлсүхийн тархины ажиллах хэмжээ яг мөн. Ц.Элбэгдоржийн кординаци хийж байгаа улс төрд 2027, 2028 оны сонгуулиудад АН ялна. Тохирсноосоо эсрэгээр ажиллах нь түүний улс төрийн унаган мэх.
МАН -ын даргаар Д.Амарбаясгалан тодорсон ч 2027 онд АН-ын нэр дэвшигч Ерөнхийлөгч болж, МАН-ын ялагдлын хариуцлагыг хүлээж, У.Хүрэлсүхэд даргаа өгөх зураглалыг Ц.Элбэгдорж харсан байна. У.Хүрэлсүх МАН-ын дарга болсон тохиолдолд 2028 онд энэ нам шороотой хутгалдах нь тодорхой. Түүний намын олон түмэн түүнээс хулжин одсон. ИРЭЭДҮЙН ЗУРАГЛАЛ ийм.
Харин өнгөрсний тухайд Ц.Элбэгдорж 2024 оны сонгуульд Х. БАТТУЛГЫГ сулруулах тохируулгыг амжилттай хийжээ. Женко өөртэйгөө нийлээд өөрийн фракцын 20 хүнийг л нэр дэвшүүлэн сонгуульд авч орсон гэдэг. Одоо түүнд улс төрийн эрх мэдлийн материаллаг хүч байхгүй. Ц.Элбэгдоржийн команд парламент, Засгийн газар, шүүх, прокурор дамнан бодитойгоор оршиж байгаа нь өдөр ирэх тусам улам тод болж байна. Монгол Улсад Ц.Элбэгдоржийн хаанчлалын он жилүүд өнгөрч, өрнөж байна.
НИЙТЛЭЛЧ Чонос Отгоннасан ГАНЗОРИГ





