Шахмал түлшийг нийслэлийн долоон дүүрэгт 274 цэгээр борлуулж эхэлжээ. Цаашид түлш борлуулах цэгийг 400 болгож нэмэгдүүлэх ба энэ жилийн хувьд хагас коксон шахмал түлшийг галлагаанд хэрэглэхээр болсон. Харин хагас коксжон түлшийг цэгүүдээр борлуулж эхлээгүй байгаа бөгөөд ирэх аравдугаар сарын 1-нээс эхлэн шахмал түлш борлуулах цэгүүдээр худалдаалж юм байна. Хагас коксон түлш гэдэг нь нүүрсийг 500-700 хэмийн өндөр температурт нэрж гаргаж авдаг, цэвэршүүлсэн түлш юм.
Энэ жил 306 мянган тонн хагас коксон түлшийг хэрэглээнд нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Ингэснээр агаарын бохирдлыг 45-50 хувиар бууруулна гэж тооцоолжээ. Мөн Гандан, Телевиз, Дэнжийн 1000 орчмын буюу Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг бүрэн дулаалж, хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх аж. Улмаар ирэх жил 50 мянган өрх, дараагийн жил нь 65 мянган өрхийг хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх төлөвлөжээ. Түүнээс гадна иргэд энэ жилээс эхлэн түлшээ шинэ аппликейшн ашиглан худалдан авна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилээс эхлэн иргэд “сайн” картаар түлшээ авч байсан бол энэ жилийн хувьд “Hotula” шинэ аппликейшнээр түлшээ авах юм.
Өнөөдрийн байдлаар иргэд “Hotula” шинэ аппликейшн болон сайн карт хоёрын аль нэгээр нь түлшээ авч байгаа бол 12 дугаар сарын 15-наас эхлэн зөвхөн “Hotula” аппликейшнээ ашиглана.
“Hotule” аппликейшн нь хэрэглэгч өөрийн худалдан авсан түлш, зарцуулалт, үлдэгдлээ шууд хянах боломжтой. Шинээр нэвтрүүлж буй аппликейшныг ашиглах боломжгүй ахмад настан болон ухаалаг төхөөрөмж ашиглах боломжгүй хэрэглэгчид иргэний үнэмлэхийнхээ QR кодоор түлшээ худалдан авч болох гэнэ. Галлагааны улиралд иргэд угаарын хийд хордох нь нэмэгдэж цаашлаад амиа алддаг. Тиймээс нийслэлийн хэмжээнд түлш хэрэглэгч бүх өрхийг энэ онд багтаан нэгдсэн удирдлагын системд холбохоор болжээ. Холболт хийснээр угаарын аюул бүртгэгдсэн өрхөд 5-7 минутын хугацаанд очиж, нөхцөл байдлаас шалтгаалан эмнэлгийн тусламж зэрэг арга хэмжээг авах боломжтой болох юм. Ташрамд сонирхуулахад нийслэлийн хэмжээнд 172 мянган өрх галлагаа хийдэг ба 2028 он гэхэд 100 гаруй мянган өрхийг хийн түлшинд бүрэн шилжүүлэхээр төлөвлөжээ.





