Монгол бол та бидний эх орон. Эх орон маань өөдөлж дэгжих, улс үндэстэн маань энэ цагийн шуурганд тэсч үлдэх эсэх та бидний хэн бүхэнд хамаатай. Монголчууд бид нэг л хувь заяатай. МАН бол үнэндээ Монголын төр мөн. Улс орноо хэрхэн авч явах үзэл санаа, нийгэм, эдийн засгаа хэрхэн барьж байгуулах бодлого төлөвлөлт танай намд боловсрон, бодит байдал болдог. Энэ бол бидний улсын булзахын аргагүй онцлог билээ.
МАН-ын дарга шинээр сонгогдох үйл явц нийгмийг бүхлээр нь хамарч, хүн бүр анхаарлаа хандуулж буй нь бидний эх орондоо хайртай, Монголынхоо хувь заяанд зовинон явдгийг харуулж байна. МАН-ын гишүүд Та бүхэн түүхэн шийдвэрийн өмнө ирээд байна. Ард түмэн тань итгэл хүлээлгэн, бас сэтгэл түгшин Та бүхнийг харж байна. Өнгөрсөн хугацаанд Та бүхэнд алдаа оноо аль аль нь байсан. Юуны өмнө улс төрийн талбар дээр ардчилал гэх нэрийн ард хүч түрсэн харь үнэт зүйлийг тусгаар тогтнол гэдэг үнэт зүйлээр ард олныхоо итгэл үнэмшлийг сэлбэн сөрөн зогсож алдар гавьяа Та нарынх. Энэ НЭР ТӨР түүхэнд үлдэх болно. Үүний адилаар эдийн засгаа, эрдэс баялгаа, алт, нүүрсээ олигополь бүлэглэл, компаниудад найр тавин, бодлогын хяналтаа алдсан алдаа, гэм нүгэл ч мөн Та нарынх.
Бас л түүхэнд үлдэнэ.
Ард олон туйлдаж, төр засагтаа итгэл алдаж, улс төрийн засаглалын легитим алдагдаж байна. Одоо та бүхэн энэ байдлыг засах ёстой. Монгол төрийн бодлого эрдэс баялгийн олборлолтод зүй бус ноёрхлоо тогтоосон олигополь бүлэглэлийн дур зоргын хэрэг байж болохгүй. Улс орныг энэ цаг үеийг хүртэл удирдаж авч ирсэн МАН-ын ахмад, дунд үеийн удирдлага шинэ нөхцөлд байдалд ажиллах бодлогын хүчин чадлаа нэгэнт алдсаныг ард нийтээр харж, шүүмжлэн эсэргүүцэж байна. Сонгуулийн мөчлөгт тааруулсан богино зайны бодлогоор цаашид явахгүй гэдэг нь ил боллоо. Энэ бүхнийг сөрөн зогсож чадах заллуу, шинэ үеийн төлөөллөө даргаараа сонгож чадвал Монгол төр олигархын засаглалаас ангижирч чадна.
Энэ бол тайван замын хувьсгалын үйл хэрэг МАН-ын гишүүд Та бүхний гарт ирээд байна гэсэн үг. МАН-ын шинэ үеийн удирдлага Үндэсний төр, засаглал, бодлого, эдийн засаг, боловсролоо сэргээн тогтоож чадна гэдэгт би итгэдэг.
НИЙТЛЭЛЧ О.ГАНЗОРИГ





