Өсвөр насны охид маш олноороо хүүхэд төрүүлж байгаа талаар хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр хэд хоног явж сэтгэл эмзэглүүллээ. Тоо баримтын хувьд үнэхээр байдал хүндэрсэн нь илт байна. Тэгсхийж оволзоод олох нийт цаг үед бурууг тохоод өнгөрч, намжиж байх шиг байна. Зүгээр зөнд нь хаячих асуудал биш гэж бодоод хэд хонов. Энэ асуудлыг тосож хариуцсан Төр, нийгмийн бүтэц заавал байх ёстой гэж бодогдоод байсан юм. Эрүүл мэндийн яамны тухайд энэ сөрөг хандлага, үзэгдлийн нийгмийн шалтгаан, үр дагавартай ажиллах явдал чиг үүрэгт нь бүрэн дүүрэн багтдаггүй байна. Энэ нь зөв. Тэд өөр ажилтай.
Харин санаандгүй УИХ-ын даргын Казахстан дахь айлчлалын мэдээг үзэж байгаад Монгол улс маань яг энэ асуудлыг хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагатай гэдгийг олж мэдэв. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам. Сайд нь Аубакир.
За хариуцсан субъект гараад ирлээ. Энэ талаар ямар ажил явуулдаг, мэдээллийн мөрөөр ямар бодлогын төлөвлөлт хийж буй талаар сонирхлоо. Яаманд хийгдэж байгаа ажил, хийх тухай яриа ч алга. Сайдын хувьд тойрогтоо тавигдаж байгаа замын асуудалд санаа тавьж завгүй яваа бололтой.
Үндэстнийг гэр бүл авч явдаг гэдэг үг бий. Цаанаа маш гүн утга бүхий үг. Гэр бүл үндэстэн улсын нийгмийн оршихуйг хадгалж байдаг хамгийн чухал анхдагч институт байдаг. Өсвөр насны охидын уг асуудал өөрөө энэ институтыг эвдэх түвшин рүү зугуухан өршөөлгүй явж байна. Энэ маш бодлогын, үндэсний аюулгүй байдлын чухал асуудалд хамаарна, Т.Аубакир сайд аа! Та ийм чухал хэргийг хариуцаж буй Монгол төрийн сайд. Өсвөр насны охидод холбогдох уг өсуудлаар ажил төлөвлөж, яаралтай горимоор парламентад асуудал оруулж, төсөв зардал нэхэж аваад ажиллах цаг. Сэтгэл зүтгэлтэй байх нь таны тангараг билээ.





