дэлхийн анир

ЕВРОПЫН ХОЛБОО ОХУ-Д ТАВЬСАН ХОРИГОО СУНГАЖЭЭ

Оросын цэргүүд Украин руу довтолсны хариуд иргэд, компаниудынх нь эсрэг авсан хориг арга хэмжээгээ Европын Холбооны гишүүн орнуудын эрх баригчид зургаан сараар сунгахаар тохиролцсон тухай тус холбооны гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Кая Каллас мэдэгдлээ. Мөн Европын Холбоо Оросын эсрэг 19 дэх багц хоригийг боловсруулж дуусаж байгааг дуулгажээ.  

К.Калласын хэлснээр, уг багц нь Оросын “сүүдрийн флот”, банкуудыг чиглэх бөгөөд Оросын нефтийн худалдаанд тавих нэмэлт хязгаарлалтуудыг багтаах ажээ. “Бид Путины дайн хийх мөнгө олох боломжийг хаасаар байх болно” гэж Европын дипломатчдын тэргүүн онцолжээ.

Харин хэвлэлүүдэд мэдээлснээр, 19 дэх багц хориг арга хэмжээний хүрээнд Европын Холбоо Оросын иргэдэд аяллын виз олгох журмыг улам чангатгаж магадгүй байна.  Түүнчлэн баасан гарагт мөн Япон, Шинэ Зеланд улсууд Оросын эсрэг шинээр хориг арга хэмжээ авснаа мэдэгджээ. Хоёр улсын эрх баригчид Оросын газрын тосны үнэд тогтоосон дээд хязгаарыг 60 ам.доллароос 47.6 ам.доллар болгон бууруулжээ. Энэ шийдвэр бол “Украины эсрэг Путиний хууль бус түрэмгий дайнд ашиглаж буй нефтийн гол орлогыг хаахад чиглэсэн “сайтар хэлэлцэж байж хийсэн алхам” хэмээн гэж Шинэ Зеландын Гадаад хэргийн сайд Уинстон Питерс мэдэгдсэн байна.

Түүнчлэн Японы эрх баригчид мөн 14 хүн, 51 байгууллагын хөрөнгийг царцаасан бол Шинэ Зеланд Украины эсрэг үйлдсэн кибер халдлагатай холбоотой Оросын 19 иргэн, компанид хориг арга хэмжээ авсан тухай мэдэгджээ. Мөн Их Британийн эрх баригчид мөн Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан байна. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *