Оюут ордод олборлолт явуулж эхэлсэнээр Монголын эдийн засагт бодит томоохон дэмжлэг үзүүлнэ гэж албаныхан тооцоолж буй. Өөрөөр хэлбэл, Оюутын ордын хүдрийн нөөц 357 сая тонн гэж тогтоогдсон бөгөөд зэсийн дундаж агуулга нь 0.32 хувь юм. Энэ нь ойролцоогоор 1.1 сая тонн цэвэр зэсийн нөөц гэсэн тооцоолол аж.
Урьдчилсан тооцооллоор орд 30–35 жилийн хугацаанд тогтвортой ашиглагдах боломжтой.
Тус ордод түшиглэн, жилд 5-10 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэрийг шинээр бүтээн байгуулснаар бүтээгдэхүүнийг нэмэлтээр үйлдвэрлэж, өнөөгийн хүрсэн түвшнийг бууруулалгүйгээр хадгалах нөхцөл бүрдэж байгаа юм. Цаашид хүдрийн нөөцийг өсгөж, “Эрдэнэт” үйлдвэрийг олон жил тогтвортой ажиллуулснаар улс, орон нутгийн төсөв, татварт бүрдүүлэх орлогыг хадгалж, үйлдвэр дагасан Эрдэнэт хотын өмнө хүлээсэн нийгмийн хариуцлагыг хангаж, хөгжлийн шинэ шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.





