АН-ын даргад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр АН-ын даргад нэрдэвшиж байгаа бөгөөд АН-ын даргад нэр дэвшигчид өнөөдөр тодорч, маргаашаас сурталчилгаа ажил эхэлнэ.
О.Цогтгэрэл “Монголоо шинээр харна. АН-ыг шинэчлэх ёстой. Манай улсын улс төр, эдийн засаг, хууль эрх зүйд олон асуудал хуримтлагдан, шийдлээ хүлээж байна. Энэ ажлыг АН хийж чадна гэдэгт би эргэлздэггүй. Асуудлаа эрэмбэлбэл би хамгийн чухал нь ядуурал гэнэ. Хүн амын 30 хувь нь ядуу байна. Мөн гурван хүн тутмын нэг нь ядуурлын шугамд их ойр байна. Нийлээд 60 хувь гэсэн үг.
Ардчилсан тогтолцоо ч эмзэг болов. Манай нам олон удаа ялагдсан шалтгаан нь энэ юм. Манай нам төрийн оролцоог бууруулж, хувийн хэвшлийг тэлэх ёстой гэж үздэг. Ингэх шаардлага ч үүслээ. АН ялах ёстой. Ялсан шиг ялж, засагласан шиг засаглах нийгмийн, эдийн засгийн шаардлага үүсэв.
АН өнгөрсөн удаа яагаад олон шалтгаантай. Бид системээ бүрдүүлж чадаагүй. Манай намд удирдагчид бий. Тугаа болгосон үзэл санаа бий ч систем болж чадаагүй. Машинаар бол эрээвэр хураавар, баруун дугуй нь том, зүүн дугуй нь жижиг. Мотор нь сүүлийн үеийн, барууных боловч кабин нь социалист хэвээрээ. Энэ бүхнийг өөрчлөн, өнгө төрхөө тодотгоно. Шинэчлэгдсэн АН бүхнийг хийж чадна гэдэгт эргэлзэхгүй байна.
Би Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар унах ёстой гэж үзсэн. Учир нь түүний Засгийн газар айдас хүйдсээр удирдсан. Ийм систем угсарсан нь буруу гэдгийг би олон удаа илэрхийлсэн. Тэр энэ хүний захиалга гэж л байдаг. АН эрх баригч намын захиалгаар хөдөлдөггүй. Өргөс авч буй мэт бүх асуудлыг шийдэх хэцүү ч өнгөрсөн хугацаанд бид олон асуудлыг шийдэж чадаагүй” гэв.





