Би намын даргад өрсөлдөнө гэдгээ тав хоногийн өмнө зарласан. Тав хоног над шиг муухай, муу хүн байсангүй. Маш нарийн зохион байгуулаалттай асар их мөнгө цутгалаа. Би энэ мөнгийг нь бол дийлэхгүй юм байна. Гэхдээ ийм юманд нугарна гэж байхгүй. Хүнийг хүний олон барьдаггүй юм.
Хайрцаглагдсан ҮБХ-гоор намын даргаа сонгоно гэж байна. Энэ дүрмээ зөрчсөн үйлдэл. Дахиад л Дээд шүүх дээр бүртгүүлэхгүй, дахиад хоёр гурван тамгатай болох уу дээрээ тулна. ҮБХ-ны хугацаа нь 2022 онд дуусчихсан. Одоогоор сумын 160 гаруй АН, 15 аймаг ялагдсан, даргагүй байгаа. Мөн найман дүүрэг ялагдсан даргагүй л байгаа. Тэд бүгд сонгуулиа хийж чадахгүй байгаа ийм нөхцөл байдалд ҮБХ-г хэдхэн хүн нь худалдаж аваад, хайрцаглачихсан. Энэн дээр АН-ын даргыг тавилаа гэдэг “драм” явах гэж байна. Ардчилсан нам ардчиллаараа даргаа тавилаа гэдэг жүжгээ болих хэрэгтэй.
Монголд ерөөсөө ганцхан уул уурхайн төрлийн бизнес л байдаг. Оюужтолгой, Тавантолгой, Эрдэнэт… Үе үеийн намын дарга нар, үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нар Эрдэнэтийн зэс дээр квот авдаг. Тавантолгой, Оюутолгойгоос юу авах вэ гэдгээ л шийддэг. Дараагийнх нь банк. Банк нь зөвхөн иргэдээ луйварддаг тонуулчид л байдаг юм. Би намын даргад нэр дэвшүүлснээр юуг өөрчлөх гэсэн юм бэ гэвэл өнөөдөр намын удирдах албан тушаалыг зардаг, нөгөө намтайгаа хуйвалддаг, гадныханд найр тавьдаг байдалд эргэлт хийхийг хүссэн. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Одоо зүгээр жүжгээ тавиад нэгийгээ дарга болгох байх.
Би АН-ын жирийн гишүүдээс итгэл хүлээлгэсэн хүчирхэг намын дарга баймаар байна. Манай нам тийм л байсан. Одоо намынхаа гишүүдээс сонгох, сонгогдох эрхийг булааж авч, зөвхөн ҮБХ-гоор шийдэх юм гэнэ. Энийг АН-ын гишүүд хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ нь цаашлаад Монголын ард түмнээс сонгох, сонгогдох эрхийг нь булааж авна л гэсэн үг.
Одоо дараагийн удаа хэн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болж зэсийн наймааг хэн толгойлох юм бэ, Хэн Монголыг ядуу байлгах төлөвлөгөөг зохиож гарын үсэг зурах юм бэ, хэдэн хүн баяжиж, ашиг олох вэ гэдэг наймаа л явагдана. Үндэсний хэмжээний хоёр том нам ээлж дарааллан намынхаа даргыг сонгох гэж байна. Энийг өөрчлөе гэсэн юм. Өөрчлөгдөхгүй бол ийм хайрцаглагдсан тоглоомд орохгүй ээ.
Би АН-ынхаа гишүүдийн нүүрийг харж чаддаг, бүгдээс нь санал авч чадсан хүчирхэг намын дарга болмоор байна. Түүнээс биш хэдэн олигархи суучихаад, танай тийм албан тушаал байна уу, чамд генсек өгье гэдэг тоглоомд би сэтгүүлч байсан хүний хувьд орохгүй. Эдний бүх луйвартай өчнөөн жил тэмцсэн. Одоо дотор нь орж, бүгдийг нь нүдээрээ харчихаад дотор нь дүрмээр нь тоглоно гэж байхгүй. Би орж саналаа хэлж, уриална. С.Баярцогт, Б.Хурцын зургаар явах юм уу гэдгээ шийдэх байх. АН даргаа нийт гишүүдийн саналаар сонгож, ҮБХ нь батламжлах ёстой. Би ингээч гэж уриална.
Нөгөөтэйгүүр намайг Х.Баттулгын хүн л гэдэг. АН таван намын нэгдэл учраас фракциуд нь мөнхийн үзэгдэл. Би фракц байхыг буруу үзэгдэл гэж боддоггүй. Эрүүл үзэгдэл л гэж хардаг. Энэ фракциуд нь гэмт хэргийн бүлэглэлд дагаар ороод мөнгөөр шийддэг болчихсон байхгүй юу. Өнөөдөр АН-ын гишүүд шударга шударга юм ярьдаг. Манай нам ялахгүй байна, дөрвөн сонгуульд дарааллаад ялагдчихсан, шударга ёс Монголд алга гэж ярьчихаад энд хайрцаганд орчихоод хүний нүд рүү харж, олигтойхон мэндэлж ч чадахгүй байна. Өнөөдөр намайг дэмжихгүй гээд хайрцаглагдчихсан хүн өнөөдөр миний нүүрийг харж чадахгүй байгаа байхгүй юу.
Ад үзэгдэх зоригтой байгаад амжилт хүсдэг чадалтай, чансаатай байж болдоггүй юм уу. Өнөөдөр манай хэвлэлийнхэн намайг муулж цалингаа авлаа шүү дээ, та нар мэдэж байгаа. Сайхан доромжилж, гүтгэж сэвж өглөө. Болоо, би хэвлэлийн хүн мэднэ. Цалингаа авлаа, нийгмийн даатгалаа төлөөрэй гээд хэлчихье. Яаж аваад яаж аваад яаж буллидэв. Надад ямар ч баримтгүй ярьж байсан түүх байхгүй.
Нэмээд нэг юм хэлчихье. Оюутолгойн гэрээн дээр авлига авсан байх боломжтой хүний гадаадад байх хөрөнгүүд дээр нь нэр дэвшихээсээ өмнө сурвалжлага хийсэн юм. Тэрийг цацаж амжаагүй юм. Тэрийгээ гаргаж ирэх санаатай байгаа. Би яг та нар шиг сэтгүүлч байсан. УИХ-ын гишүүн болоод нэг жил боллоо. Энд би юу ойлгосон бэ гэвэл гаднаас нь харах өөр юм байна билээ. Дотор нь ороод энэ бүлэг фракциуд нь хаана хаанаас санхүүждэг, яаж бужигнуулдаг, яаж нэгнийгээ доромжилдог. Яаж үнэнийг хэлсэн гишүүдээ нухчин дардгийг харсан, яг одоо хараад л явж байна. Энд нь дагаар орохгүй гэж л нэр дэвшихээр шийдсэн. Би монгол төрд тангараг өргөсөн хүн. Эд нартай нийлж, хайрцаглагдаад албан тушаал авна гэсэн ойлголт надад байхгүй.





