Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарласан. Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон гэх мэдээлэл бий. Түүнчлэн энэ сарын 29-нд Намын Их хурлаа товлосон байсан боловч ҮБХ-ны хурлыг давчуу хугацаанд зарласан нь намын даргад нэр дэвшигчдэд мөрийн хөтөлбөрөө боловсруулах, танилцуулахад хүндрэл учруулж байна гэх саналыг гаргасан учир хойшлуулж намын Их хурлыг наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулжээ. Одоо АН язганаж, МАН бажигдаж байна.
Мэдээж, АН-ынхан даргаа сонгох сунгааны өмнө язганах нь зүйн хэрэг. Гэхдээ дээхэн үед байсан шиг олон фракц одоогийн АН-д байхгүй. Гагцхүү Гранд, МоАХ гэсэн хоёр том бүлэглэл л бий. Бүэлгэлэлийн тухайд хэн ялахаас АН-ын цаашдын хувь заяа шийдэгдэнэ. АН ч гэлтгүй энэ улс Монголын маань ирээдүйн замнал тодорхойлогдоно. Одоогоор нэр дэвшигчдийн жагсаалтыг О.Цогтгэрэл, О.Алтангэрэл, Ц.Туваан, Ж.Баярмаа нар тэргүүлж буй. Л.Лодойсамбуугийн нэр сүүлийн үед дуулдаж буй ч юу л бол… Таамаг дундуур тоон дотор үсэг гэдэг шиг тоглолтод нэмэр хачир болохоор мань хүний нэрийг оруулсан гэдэг нь үнэнд ойр байх.
Харин МАН-ын тухайд өөрийнхөө МАНАН-д элсүүлсэн багаас хүн гаргах талаар хичээнгүйлэн санаа тавьж буй нь маргашгүй үнэн. Үнэндээ АН-ын дарга хэн болох нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цаашдын улс төрийн карерь, хувь тавиланд шууд нөлөөлөх шууд хамаарах улс төрийн нөхцөл байдал бий. /Стратегийн орд эзэмшигч компаниудын хувьд ч мөн адил…/ Хэрвээ АН-ын даргаар У.Хүрэлсүхийн хүссэн, стратегийн орд эзэмшигчдийн дэмжсэн нэр дэвшигч гарвал яах бол? Өөрөөр хэлбэл Гранд фракцийн нэр дэвшигч гэсэн үг шүү дээ.
2028 оны сонгуульд МАН ялдгаараа ялж, У.Хүрэлсүхийн карерь Ерөнхий сайдаар үргэлжилнэ. Харин эсрэгээрээ МоАХ-ын угшилтай нэр дэвшигч намын дарга болсон тохиолдолд 2028 онд АН ялалт байгуулж, У.Хүрэлсүхийн оймс нь гозолзох магадлалтай. Ил, далд үндэсний хөрөнгөтнүүдийн ил, далд орлого ч хаагдана. Ийм л дүр зураг харагдаж байна даа…
З.УРАНСҮХ





