Өнгөрсөн шөнө АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар Цагаан ордонд дээд хэмжээний уулзалт хийв. Тус уулзалтад Европын Холбоо, НАТО-ын удирдах түвшний төлөөлөгчид оролцсон нь хэлэлцээний ач холбогдлыг улам нэмэгдүүллээ.
Хэлэлцээний гол сэдэв Украины аюулгүй байдлын асуудал байв. Д.Трамп Украинд “НАТО”-той дүйцэхүйц аюулгүй байдлын баталгаа олгохоо илэрхийлсэн бол Украины Ерөнхийлөгч В.Зеленский улс орныхоо ирээдүйн төлөө “бүх талын баталгаа” шаардлагатайг онцлов.
Мөн Д.Трампын зүгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Украины Ерөнхийлөгч В.Зеленский нартай гурван талт уулзалтыг зохион байгуулах санаачилга дэвшүүлсэн нь олон улсын анхаарлыг татав.
Д.Трамп, В.Путин, В.Зеленский нарын уулзалт хэзээ, хаана болох нь одоогоор тодорхойгүй ч талууд энэ уулзалтыг энх тайван тогтоох шинэ алхам болно гэж харж байна. Д.Трамп В.Зеленский нарын уулзалт өнгөрсөн хоёрдугаар сард санал зөрөлдөөн их, таагүй уур амьсгалтай өндөрлөсөн. Тэгвэл энэ удаагийн уулзалт найрсаг, итгэл сэргээсэн уур амьсгалд өрнөв.
Европын Холбооны удирдагчид болон В. Зеленский дээд хэмжээний уулзалт зохион байгуулсан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад талархал илэрхийлжээ.
Цагаан ордонд болсон уулзалтад талууд ямар нэгэн гэрээ, баримт бичигт гарын үсэг зурж тодорхой шийдэл гаргаагүй ч Украины аюулгүй байдлын баталгааг шинэ шатанд гаргах, цаашдын энхийн хэлэлцээний боломжийг илүү тодотгосон үйл явдал боллоо.





