улс төр

О.ГАНЗОРИГ: МОНГОЛ УЛС 350 ГАРУЙ ПАРЛАМЕНТЫН ТАНХИМТАЙ

/2021 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 12-НД СОЦИАЛАГЧ, СУДЛААЧ О.ГАНЗОРИГТОЙ ИЙН ЯРИЛЦАЖ БАЙЖЭЭ/

– Монгол Улсын шинэ Ерөнхийлөгч тодорсон цаг үед тантай ярилцаж байна. Энэ удаагийн сонгууль, сонгуулийн дүн улс төрийн ямар үр дүн авчрах вэ? Энэ талаар таны байр суурийг сонирхож байна?

– Их олон өнцгөөс харж болно. Их л бөөрөнхий хариулт өгөхөөс аргагүй болж байна. Монголын улс төрийн нөхцөл байдал хаос төлөвт орсон нь энэ бөөрөнхий хариултын эх сурвалж шүү(инээв). Улс төрийн талбай, улс төрийн талбай хуваах гэж онолын ойлголт бий. Бодлого төлөвлөлтөд үзэл баримтлалын тэнцвэр бий болох тухай санаа юм. Энэ удаагийн сонгуулийн нэг намын, нэг нэр дэвшигчийн хэт давамгайллын дор явагдаж өнгөрлөө. 67 хувь гэдэг бол өөрөө их сэжигтэй тоо л доо. Тоололтоор гужирдсэн гэж байгаа юм биш. Нийгэмд үзэл санаа, үзэл баримтлалын тэнцвэр алдагдаж байгаа нь энэ өндөр хувиас харагдаж байгаа юм. Олон нийтийн санал бодлыг бохир технологиор удирдаж байгаа хэрэг шүү дээ. Улс төрийн үр дагаврын тухайд парламентат ёс эрсдэлд орно.

– Яагаад тэр вэ?

– Олон нийтийн санал бодлыг үүсгэх, өдөөх, залж чиглүүлэх гээд технологи буюу мэдлэгт тулгуурласан шийдэл байдаг. Энэ мэдлэгийг зүй бус зорилгод ашиглаж байна, эрх баригчид. Парламентын сонгуулийн сүүлийн хоёр мөчлөг байна. Үл анзаарагдам байдлаар ямар их бохир технологи ашигласан гэж бодно. Халамжийн мөнгөн шилжүүлгийг хүртэл сонгуулийн санал болгож хувиргахаас эхлээд бодит өрсөлдөөн бий болгох улс төрийн намыг хүртэл дотроос нь задаллаа. Давамгайлж байгаа нам улс төрийн нам сонгуулийн шударга, бодит өрсөлдөөнөөс зайлсхийж байна гэдэг бол тоталитари дэглэмийг зорьж байна гэсэн үг өөр юу ч биш .

– Парламентат ёс эрсдэлт орно гэж байна, энэ талаар дэлгэрэнгүй яриач?

– Парламентат ёс гэдэг бол олон намын тогтолцоонд суурилдаг зүйл. УИХ-ын сүүлийн хоёр сонгуулийн дүнгээр нэг намын үнэмлэхүй олонхи бүхий парламент бүрдлээ. Улс төрийн бодлогын өрсөлдөөн байхгүй болж байна гэсэн үг шүү дээ. Нэг талаас давамгайлж байгаа намын улс төрийн бохир технологиос гадна улс төрийн буюу бодлогын тэнцвэрийг хангах үүрэгтэй улс төрийн хүчний хариуцлагагүй байдал үүнд нөлөөлснийг хэлэх ёстой. АН нийгмийн дэмжлэгээ алдаагүй хэрнээ тэр дэмжлэгийг сонгуулийн бодит санал болгох улс төрийн менежментийн загварыг бодож олж,  төлөвлөж,  хэрэгжүүлж чадаагүй гэсэн үг. Одоо бол нэг намын хэт давамгайлалтай улс төрийн тогтолцоо нэгэнт бүрдлээ. Цаашдаа юу руу явах бол. Нэг намын ардчилал гэдэг зүйлийг Оросын улс төр судлаачид ярьдаг юм. Орос орон бол их гүрэн. Энэ улсын онцлогт онолчид нь үйлчилж байгаа хэрэг. Манайх бол өөр. Геополитикийн статус, онцлог нь ч  тэс өөр.

– Үндсэн хууль, засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой гэсэн санаа их явдаг. Ингэснээр асуудал шийдэгдэх үү?

– Манай Үндсэн хуулийг тааруу зохицуулалт гэж хэн хэлсэн бэ? Нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоо нэг цул болж бүрэлдэж төлөвшихөд тодорхой хугацаа заавал хэрэгтэй. Тэгэхээр үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэдэг бол тогтолцоогоор, өөрөөр хэлбэл Үндсэн хуулиар оролдоно гэдэг бол Монголын хувь заяагаар оролдож буй хэрэг. Тэр тусмаа “зөвшилцлийн арддчилал” гэдэг импортын арга зүйгээр явсан. Одоо дахиад иргэний нийгмийн байгууллагуудаас хоёр танхимтай парламентын талаарх яриа их явдаг. Үүнийг би Үндсэн хуульд хөдөлгөөн оруулах, цаашилбал үндэсний засаглалын тогтолцооны төлөвшлийг саарууулах гадны сонирхол л гэж хардаг. Хоёр танхимтай парламент гэж байна, манай улс 300 хол илүү гаруй танхимтай парламенттай шүү. Сумдын, дүүргийн, аймгийн ИТХ гээд. Монгол Улс бол нэг үндэстний нэгдмэл улс. Орон нутгийн эрх мэдлийг хөгжлийн үндэс гэсэн суртал ухуулга хаанаас эх сурвалжтай вэ гэдгийг бид бодох л ёстой.

З.УРАНСҮХ

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *