эдийн засаг

Н.ТАВИНБЭХ: СТАНЦАД ОСОЛ ГАРЧ БАЙХАД ТУСЛАХЫН ОРОНД БИЧЛЭГ ХИЙЖ “ЗАРСАН” АСУУДАЛД ХАРАМСАЖ БАЙНА

Өнгөрсөн зургадугаар сарын 1-2-нд шилжих шөнө Дулааны гуравдугаар цахилгаан станцад том хэмжээний осол гарч, нэг хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Ослын улмаас есдүгээр турбагенератор дахин сэргэхгүйгээр эвдэрч, нийслэл Улаанбаатар хот ирэх өвөл дулааны дутагдалд орох бодит эрсдэл үүссэн. Акталсан байсан долдугаар турбагенераторыг дахин засварт оруулж, ирэх өвлийн ачааллаас хуваалцахаар төлөвлөж байсан бөгөөд тохируулгын ажлыг наймдугаар сараас хийж эхэлнэ гэж БЭТ Н.Тавинбэх мэдээлж байсан. Зургадугаар сард гарсан ослын асуудал бүрэн намжаагүй байхад “ТЭЦ-3” дээр дахин осол гарсан гэх мэдээлэл нийгэмд шуугиан тарьж байна.

Басхүү салбарын мэргэжилтнүүд “ТЭЦ-3”-ын ихэнх тоног төхөөрөмжийн насжилт дуусаж, хэзээ мөдгүй гал алдах нөхцөл үүссэнийг байнга анхааруулсаар байгаа билээ. Дулааны гуравдугаар цахилгаан станцад дахин осол гарлаа. Ослын нөхцөл байдлын талаар Дулааны гуравдугаар цахилгаан станцад Засгийн газраас томилогдсон БЭТ Х.Тавинбэх дараахь мэдээллийг өглөө.

“ДЦС-3” ТӨХК бол насжилт өндөртэй, олон ажилтантай, тасралтгүй үйл ажиллагаатай, нарийн технологитой станц учраас техникийн саатал гардаг. Яг ийм саатал өнгөрсөн наймдугаар сарын 01-ний өдөр гарсан. Анх удаа гарч байгаа зүйл биш. Ослын мэдээлллийг онцгой дэглэм тогтоосон, сэргээн босголтын ажил явж байгаа үед сенсаци болгон нийгэмд цацсанд харамсаж байна.

Өнгөрсөн өвөл гэхэд энэ төрлийн гэмтэл 15 удаа гарсан. Засгийн газраас томилогдсон БЭТ-ийн хувьд “ДЦС-3” ТӨХК-д шинэчлэл хийж, үргүй зардал дээр анхаарч ажиллаж байгаа. Үүнд дургүйцсэн хүмүүс мэдээлэл тарааж, нийгэмд буруу ойлголт төрүүлсэн байж болзошгүй гэж хардаж байна. Бичлэгийг хэн хийсэн талаар хууль хяналтын байгууллагаар шалгуулна. Станцад осол гарч байхад нэгэндээ туслахын оронд бичлэг хийж “зарсан” асуудалд харамсаж байна. Ийм хүн хамт олны дунд байх ёсгүй.

“ДЦС-3” ТӨХК гарсан дэлбэрэлтийн улмаас ажиллагаагүй болсон турбин генераторыг засварлахад 12-16 сарын хугацаа шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Гэмтсэн тоног төхөөрөмжүүд нь импортоор худалдаж авдаг тоног төхөөрөмжүүд учраас гадаадаас худалдан авч энэ чиглэлээр мэргэшсэн олон улсын компаниудтай хамтарч барилга угсралтын ажлыг хийнэ.

Энэ жил хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн эрчим хүчний томоохон төслүүд амжилттай урагшилж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх, сайжруулах ажил ямар нэгэн асуудалгүй, ажил хэвийн үргэлжилж байна. Энэ хэвээр байвал өвлийн ачааллыг бид ямар нэгэн доголдолгүй давах боломжтой” гэж мэдээллээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *