НЭГДҮГЭЭРТ: SISI СИСТЕМ
МУИС-ийн мэдээллийн систем болох sisi.num.edu.mn -руу нэвтрэх нэр, нууц үгийг шинээр элссэн оюутан бүрт нээж өгдөг бөгөөд SISI рүү нэвтрэх SISI ID болон нууц үгээ ОГТ мартаж болохгүй. Учир нь хичээл сонгох, дүнгээ харах, дүнгийн тодорхойлолт авах, төлбөрийн нэхэмжлэл авах, хичээлийн хуваарь харах, хичээлээ төлөвлөх гэх мэт бүх үйлдэл энэ системээр дамжин хийгдэнэ. Мөн анх өгсөн нууц үгийг солих хэрэгтэй.
Бүртгүүлэгчийн оруулж буй цахим шууданд бүртгэлийн хураамж төлсөн И-Баримт илгээгдэх тул мэдээллээ сайтар нягтлан үнэн зөв оруулах шаардлагатай.
ХОЁРДУГААРТ: ИХ СУРГУЛИЙН ХИЧЭЭЛ СОНГОХОД БАРИМТЛАХ АЛТАН ДҮРЭМ
1. Элссэн үеийн сургалтын төлөвлөгөөгөө өөртөө нэг хувь хадгалж авах
2. Хичээлүүдийн заасан улирлыг тэгш сондгойгоор харж хэзээ үзэхээ төлөвлөх
3. Өмнөх холбоотой хичээлүүдийг мэддэг байх. Хамгийн урт залгамжтай хичээлүүдийг олж сууриас нь үзэх
4. Мэргэжлийн заавал үзэх хичээлээ эхлээд үзэхийг хичээх
5. Чөлөөт болон ерөнхий сууриас хичээл сонгохдоо чамд юугаар хэрэг болох, энэ хичээлээс авах мэдлэг, дадал, чадвар нь чамд ямар давуу талыг олгох, чиний мэргэжилтэн болоход юугаар дэм болох.
6. Тухайн хичээл дээр унах юм бол чамд дараагийн холбоотой ямар хичээл дээр асуудал үүсэх. Төгсөх улирал хэдээр хойшлох.
Аа харин хичээл үзэх үедээ тухайн хичээлээр ямар мэдлэг, дадал, чадвар эзэмших. Энэ нь чиний төгсөөд хийх ажилтай яаж уялдах гэдгийг маш сайн судалж байж хичээлээ төлөвлөж, сонгох хэрэгтэй.
Мөн хичээлээ үзэж байхдаа тухайн хичээл нь олон улсын нэр хүнд бүхий сургуульд ямар агуулгаар ордог болох, ямар ном сурах бичиг хэрэглэдэг болох, энэ нь багшийн төлөвлөсөн хичээлийн тодорхойлолт дээр тусгагдсан эсэх, ерөнхийдөө ямар ямар хичээл үзэхээ урьдчилан төсөөлөх, уншиж судлах шаардлагатай.
Эцэст нь хэлэхэд сайн оюутнууд багшийнхаа заасан чиглэлд өөрийнхөө хүчээр урагшилдаг бол муу сурдаг оюутнууд багшийн заасны хагасыг тэмдэглэж, хугасыг ойлгож үлддэг.
Хэдэн хичээл үзэх вэ?
Улиралд 5 аас 6 хичээл үз ээ! (15-18кр)
МУИС-ийн дундаж 15кр байдаг. Гэхдээ хувийн чадвар, хариуцлага өндөр, цагийн менежмент сайтай оюутнууд 21кр үзээд 3.5 жилээр төгсөх нь ч бий. Дээд хязгаар 21кр. Системд ачаалал тооцоод оруулсан байдаг тул үүнээс илүү сонгох боломжгүй.
1 улиралд 16 долоо хоног хичээллэж, 2 долоо хоног шалгалт өгдөг. 16 долоо хоногт 1-2 явцын шалгалт өгнө. Зарим хичээл лекц, лаборатори, семинар бүр дээрээ даалгавар шалгадаг.
1 хичээлийн 3 кредитийн 2кр нь ихэвчлэн лекц буюу 16 долоо хоногт 32 цаг лекц орно. Үлдсэн 1 кр нь семинар эсвэл лаборатори хичээлийн хэлбэрээс хамаараад долоо хоногт 2 оос 3 цаг танхимд ордог.
Тэгэхээр 3-кр хичээл нь 4-5 цаг ангид сууж хичээллээд 3-4 цаг даалгавар хийхдээ зарцуулна.
За тэгээд замын түгжрэл, хичээл хооронд гүйх, өдөр дунд цай уух энэ тэрээ тооцох хэрэгтэй.
18кр яагаад үз гэж вэ?
Сургуулиа 120кр ээс дээш үзэж байж төгснө.
Зарим нэг хичээлдээ унах, зарим хичээлээ буруу сонгосон зэргээс оюутнууд маань кр-ээ тооцуулж чадахгүйд хүрдэг. Үнэлгээгээ сайжруулах зорилгоор R үсгэн үнэлгээ тавиулж болдог, гэх мэт эрсдлээ бодвол 18кр сонгох нь зүгээр. Нийт 121кр 8 улиралд сурахад улирал бүр 15кр амжилттай тооцуулах хэрэгтэй шүү.
ГУРАВДУГААРТ: СУРГАЛТЫН ТӨЛБӨР
МУИС нь оюутнуудад 100 гаруй тэтгэлэг, жилд ~1000 суралцагчид, нийтдээ 1 тэрбум төгрөгийн дэмжлэг олгодог.
Гадаад оюутан солилцооны хөтөлбөрт дэлхийн 100 гаруй их, дээд сургуультай гэрээтэй.
Эдгээрийг num.edu.mn -ээс ороод унших хэрэгтэй.
Эцэг эхчүүд 6 сард оюутан хүүхдэдээ сургалтын төлбөр гэж сар бүр 500к хадгалахад хангалттай. Хичээл сонгоход мөнгө нь бэлэн байхгүй бол хичээлээ сонгож чадахгүй ба өөр оюутнууд уг хичээлийг түрүүлж сонгоод хичээлгүй үлдэнэ. Оюутнууд минь эцэг эхийнхээ хөлсөө дуслуулж олсон мөнгийг үр ашигтай зарцуулна шүү!
ДӨРӨВДҮГЭЭРТ: БАЙР, ОЮУТНЫ БАЙР СОНГОХ
УБ хотын түгжрэл “аймшигтай” тул хотын төвөөс хамгийн холдоо 3км байхаар байраа сонгох нь дээр. Ингэж чадахгүй бол оюутны байр сонгох нь дээр. Айлын хүүхэд харангаа, зөөнгөө хичээл хийнэ гэвэл хэцүү. Учир нь багш нар нь чанга, хичээлүүд нь хялбар биш.
Байнга номын санд суух, даалгавар хийх хэрэг гарна. Байрны үнэ 8 сарын дундаас тэнгэрт хаддаг.
МУИС-ийн Дотуур байранд дотоод 1400+, гадаад 200 гаруй оюутан байрлаж болно; 98 % нь хүсэлт гаргасан сурагчид байранд ордог .
elselt.num.edu.mn дээр оюутны бүх байрны бүрэн мэдээлэл бий.
ТАВДУГААРТ: УЛААНБААТАР ХОТОД ИРЭХ, БЭЛТГЭЛ ХИЙХ
Бүх зүйлээ онлайнаар хийх боломжтой тул есдүгээр сарын 1-нээс 1-2 хоногийн өмнө ирэхэд болно. Дэвтэр сонгохдоо нэг хичээлд нэг дэвтэр хангалттай бөгөөд лекцээ нэг талаас, лаборатори эсхүл семинараа нөгөө талаас нь бичихэд болно. 5-6 дэвтэр байхад болно.
ЗУРГААДУГААРТ: КОМПЬЮТЕР СОНГОХ
Notebook зүгээр, USA-аас ирсэн Second hand PC-нээс үзүүлэлтээ харж байгаад сонгочиход болно. Battery сайн барьдаг эсэхийг нь шалгаарай. IT мэргэжлийн оюутан биш бол хамгийн үнэтэйг нь авах шаардлагагүй. Зарим мэргэжлийн оюутанд notebook авах шаардлага байхгүй.
Иймэрхүү үзүүлэлттэй байхад болно дөө: CPU Intel i5 / Ryzen 5 эсвэл түүнээс дээш, RAM 16 GB +, SSD 512 GB + Дэлгэц 15″, Battery 6+ цаг, цэнэглэгч,
жин 1.2– 2.0 кг хүртэл, нэмэлтээр камера, микрофонтой чихэвч, WiFi 5/6
Долоодугаарт. Багш, оюутны хөгжлийн төв
Энд та бүхэнд зөвөлгөө өгөх мэргэжилтнүүд суудаг. МУИС-ийн 2-р байрны ард байрладаг.
НАЙМДУГААРТ: НОМЫН САН
Оюутан болмогц номын сангаар үйлчлүүлж, тэнд байдаг эрдмийн их сантай танилцах хэрэгтэй. МУИС-ийн номын сан заримдаа 24 цагаар оюутанд үйлчилдэг.
Электрон номын сан
e-library.num.edu.mn хаягаар дамжуулан 13,000 орчим цахим материал унших боломжтой.
Электрон каталог
catalog.num.edu.mn сайтад МУИС-ийн номын сангийн хавтаслагдсан цаасан болон цахим материалууд бүрэн бүртгэлжиж, хайлт хийх боломжтой. Номын байршил, уншлагын танхимын тухай мэдээллийг эндээс авна
ЕСДҮГЭЭРТ: ДҮРЭМ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАХ
Сургалтын журам, сургалтын хөтөлбөрийн журам, Суралцагчийн ёс зүйн журамтай урьдчилан танилцах шаардлагатай.
num.edu.mn дүрэм журам хэсгээс орж үзээрэй.
Шаардлагатай бол зөвлөх багш, БОХТ -дэхь холбогдох мэргэжилтнүүд, салбар сургууль дахь сургалт хариуцсан нэгжийн мэргэжилтнүүд, МТ хариуцсан нэгжийн мэргэжилтнүүд, тэнхимийн туслах, тэнхимийн эрхлэгч, сургуулийн захиралтай уулзаж өргөдлөө өгч асуудлаа шийдүүлж болно.