Бүгд Найрамдах Казахстан Улсын шинэ Үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал асуулга ням гарагт болж дууслаа. Ням гаргийн орой нийтлэгдсэн экзитполын /иргэд саналаа өгсний дараа явуулдаг санал асуулга/ дүнгээр санал өгсөн иргэдийн дийлэнх нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжсэн байна.
Евроазийн интеграцын хүрээлэнгээс явуулсан экзитполын дүнгээр бүх нийтийн санал асуулгад оролцогчдын 86.7 хувь нь Үндсэн хуулийн шинэчилсэн найруулгыг батлахыг дэмжсэн санал өгсөн байна. Санал асуулгыг Казахстаны 17 муж, гурван том хотын 200 санал авах байрны гадна явуулж, нийт 30 мянга орчим хүнийг хамруулжээ.
“Цогц нийгмийн судалгааны хүрээлэн – Астана “Социс-А” хувийн сангийн явуулсан өөр нэг санал асуулгаар 87.4 хувь нь шинэ Үндсэн хуулийг дэмжиж байгааг харуулжээ. “Amanat” намын Олон нийтийн бодлогын хүрээлэнгийн мэдээлснээр, санал асуулгад нь оролцогчдын 88.6 хувь нь шинэ Үндсэн хуулийг дэмжсэн санал өгсөн байна.
Бүх нийтийн санал асуулгын албан ёсны эцсийн дүнг Казахстаны Бүх нийтийн санал асуулгын төв хороо долоо хоногийн дотор зарлах ёстой.
Сонгуулийн төв хорооны урьдчилсан мэдээллээр, орон даяар сонгогчдын ирц 73.24 хувь байжээ. Казахстаны нийт 9 126 850 иргэн санал хураалтад оролцсон байна.
Шинэ Үндсэн хуулийн төслийг Касым-Жомарт Токаевын санаачилгаар боловсруулжээ. Уг баримт бичигт одоогийн хоёр танхимтай парламентыг татан буулгаж, оронд нь нэг танхимтай “хуралдай”-г байгуулах санал тусгагдсан байна. Мөн ерөнхий прокурор, Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Үндэсний банк, Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга нарыг томилох эрхийг ерөнхийлөгчид олгохоор тусгажээ.
Түүнчлэн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг бий болгохоор төлөвлөж байгаа бөгөөд уг албан тушаалтныг ерөнхийлөгч нэг танхимтай парламентын зөвшөөрөлтэйгөөр томилох юм. Хэрэв хууль тогтоох уг байгууллага ерөнхийлөгчийн санал болгосон дэд ерөнхийлөгч, ерөнхий сайд болон парламентын даргад нэр дэвшигчдийг хоёр удаа дараалан батлахгүй бол ерөнхийлөгч парламентыг тараах эрхтэй байхаар тусгасан байна.





