дэлхийн анир

ОРОГНОЛ ХҮССЭН ИРАН ХӨЛБӨГЧИН БҮСГҮЙЧҮҮД ЭХ ОРОНДОО БУЦАХААР БОЛЖЭЭ

 Австралид оршин суух хүмүүнлэгийн виз аваад байсан Ираны эмэгтэйчүүдийн хөл бөмбөгийн шигшээ багийн гурван тамирчин шийдвэрээ өөрчилж, эх орондоо буцахаар болжээ. Ингэснээр орогнол хүссэн нийт 7 хөлбөмбөгчнөөс 3 нь Австралид үлдэж байна. Лхагва гарагт өөр нэгэн хөлбөмбөгчин бүсгүй эх орондоо буцахаар шийдсэн ажээ.

Австрали дахь иранчуудын нийгэмлэг дэх хүний эрхийг хамгаалагчдын ярьснаар, Захра Солтан Мешкехкар, Мона Хамуди, Захра Сарбали гэсэн гурван хөлбөмбөгчин эмэгтэй нутаг буцахаар шийдсэн байна.  Энэ талаар Австралийн Дотоод хэргийн сайд Тони Берк тайлбарлахдаа ”эдгээр эмэгтэйчүүдийн ирээдүйн амьдралыг аюулгүй байлгахын тулд засгийн газар боломжтой бүхнийг хийсэн” гэлээ.  

Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпустай холбоотой байдаг Ираны мэдээллийн Tasnim агентлагийн мэдээлэлд дурдсанаар, дээрх гурван тамирчин Малайзын Куала-Лумпур хот руу ниссэн бөгөөд тэндээсээ багийн бусад тамирчдын хамт эх орондоо ирэх ажээ.

Болсон явдлыг сануулан дурдваас, энэ сарын 2-нд Ази тивийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний /AFC Women’s Asian Cup/ Өмнөд Солонгосын багтай хийх тоглолтын өмнө  төрийн дуулал нь эгшиглэж байх үеэр Ираны эмэгтэй хөлбөмбөгчид чимээгүй зогсож байсан бөгөөд тэдний энэ үйлдлийг Ираны эрх баригчдыг эсэргүүцсэний илэрхийлэл гэж үзжээ. Ираны хэвлэлүүдэд “энэ бол дайн болж буй хүнд үед эх оронч үзлээсээ татгалзсан хэрэг” гэх зэргээр бичсэн байна. Үүний дараа нийгмийн сүлжээнүүдээр Ираны тамирчдад орогнол олгохыг Австралийн засгийн газарт уриалсан постууд олонтоо нийтлэгдэх болжээ.

Харин Австрали, Филиппинтэй хийсэн тоглолтуудын өмнө Ираны хөлбөмбөгчид төрийн дууллаа дуулсан төдийгүй цэргийн ёсолгоо хийж байв. Хэвлэлүүдэд бичсэнээр, тамирчдын ар гэрийнхэнд дарамт шахалт үзүүлсэн байж магадгүй ажээ.  

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *