Япон эмэгтэйчүүд олон 10 жилийн настай, дэлхийд хамгийн хатууд тооцогддог Эхийн хамгааллын хуулийг эсэргүүцэж байна. Энэ хуулийн дагуу эмэгтэй хүн сайн дураараа үргүйжүүлэх мэс засал хийлгэх боломжгүй. Ийм мэс засал хийлгэхийн тулд тухайн эмэгтэй олон хүүхэд хэдийнэ төрүүлсэн, эсвэл эрүүл мэнд нь юм уу, жирэмслэлт нь эрсдэлтэй байх ёстой. Үүний зэрэгцээ нөхрийнх нь зөвшөөрөл хэрэгтэй.
Япон улсад төрөлтийн түвшин эрс буурч, хүн амын хямрал нүүрлээд буй. Тийм учраас эмэгтэй хүн үр хүүхэдтэй болохыг хүсэхгүй байх гэдэг ойлголтыг хэн ч авч хэлэлцдэггүй гэдгийг Кажанэ Кажияа ярьж байна.
Кажанэ Кажияа 27 настайдаа АНУ-д сайн дураараа үргүйжүүлэх мэс засалд оржээ. Япон улсад түүн шиг эрүүл саруул хэрнээ хүүхэдгүй эмэгтэйд мэс засал хийдэггүй. Түүний хувьд үргүйжүүлэх мэс засалд орсон нь төр засагт “Үгүй” гэж үгээ хамгийн шийдэмгийгээр хэлсэн явдал болжээ. Өөрийг нь хүүхэд тээж бойжуулах инкубатор мэтээр харж байна гэж тэр үздэг байв. Түүнийг бага байхад умайг хүүхдийн ор гэж тайлбарлаж өгдөг байсан аж. Түүнчлэн сарын тэмдгийн өвдөлтийг төрөлтийн бэлтгэл гэж ухуулдаг байсныг өнөөдөр тэр хэлж байна.
“Намайг яг л ээж хүн болох чиглэлтэй галт тэргэнд хүчээр суулгачихсан юм шиг санагддаг байсан. Би мэс засал хийлгэснээрээ тэр галт тэрэгний цонхыг бут цохиж, үсэрч буусан. Бид умай биш. Бид бол хүн” гэж хүүхэдтэй болохыг хэзээ ч хүсч байгаагүй Кажанэ Кажияа ярьжээ.
Тэрбээр өөртэйгөө ижил хүсэл зорилготой эмэгтэйчүүдтэй нэгдэн Эхийн хамгааллын хуулийг эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. “Эх байх нь миний зорилго биш” гэсэн нэртэй тэдний түүхэн нэхэмжлэлийн шийдвэр ирэх долоо хоногт гарна.
Эхийн хамгааллын хууль нь дайны үед эмэгтэйчүүдийг хүн ам өсгөх хэрэгсэл гэж үздэг байсан үеэс үлдсэн зүйл аж.
Мөн “Нөхрийн зөвшөөрөл заавал шаарддаг нь эмэгтэйчүүдийг бие даан шийдвэр гаргах чадвартай бие даасан хүмүүс гэж үздэггүйг илтгэнэ” гэж өмгөөлөгч Мичико Камэйши хэлжээ.
Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг дэлхийн хэмжээний төрийн бус байгууллага “EngenderHealth”-ийн судалгааг харвал 70 гаруй улс орон үргүйжүүлэх мэс заслыг жирэмслэлтээс хамгаалах арга гэж үзэн хүлээн зөвшөөрдөг. Харин Япон энэ мэс заслыг хориглосон, маш хатуу хязгаарласан найман улсын нэг.
Японы засгийн газар энэ тогтолцоогоо эмэгтэйчүүдийг ирээдүйд харамсахаас хамгаалж байгаа алхам гэж тайлбарлажээ.
ЭХ СУРВАЛЖ: JAPAN TODAY





