дэлхийн анир

БНКУ:БҮХ НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА ЭХЭЛЛЭЭ

Бүгд Найрамдах Казахстан улсын шинэ Үндсэн хуулийн төслийн талаарх бүх нийтийн санал асуулга өнөөдөр улс орон даяар эхэллээ. Өглөөний 10:00 цагаас иргэдийн ирцийг урьдчилсан байдлаар танилцуулах бөгөөд цаашдаа 2 цаг тутамд ирцийн мэдээлэл өгнө гэж Бүх нийтийн санал асуулгын Төв комиссоос мэдээлэв. Комиссын гишүүн Мухтар Ерман-ы мэдээлснээр, Астанагийн цагаар 7:00 цагийн байдлаар санал хураалтын 10388 хэсэг нээгдсэн байна. 92 хэсгийн санал хураалт 6:00 цагт эхэлжээ.

Бүх нийтийн санал асуулгад оролцох эрх бүхий иргэдийн нэрсийн жагсаалтад 12 461 796 хүн бичигдсэн байна. Улс орон даяар нийт 10 388 санал хураах хэсэг, гадаадын 54 улсад 71 хэсэг ажиллана. Санал асуулгад оролцогчид “2026 оны хоёрдугаар сарын 12-нд олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн Бүгд Найрамдах Казахстан улсын шинэ Үндсэн хуулийг Та хүлээн зөвшөөрөх үү?” гэсэн цорын ганц асуултад хариулах юм.

Япон, Өмнөд Солонгост амьдарч буй казахстанчууд хамгийн түрүүнд саналаа өгсөн бөгөөд Токио, Сөүл дэх санал хураах хэсгүүд Астанагийн цагаар 3:00 цагт, орон нутгийн цагаар 7:00 цагт нээгдсэн байна. Энэ удаагийн бүх нийтийн санал асуулгыг ажиглахаар гадаадын 10 байгууллага, 27 сонгуулийн төв комиссыг төлөөлөн 359 хүн, мөн 31 улсын 185 сэтгүүлч хүрэлцэн иржээ.

Санал хураах байрууд 20:00 цагт хаагдсаны дараа саналыг тоолж эхэлнэ. Тооллогын эцсийн дүнг Бүх нийтийн санал асуулгын Төв комисс долоо хоногийн дотор буюу гуравдугаар сарын 21 гэхэд танилцуулсан байх ёстой. Санал асуулгад оролцогчдын 50-иас дээш хувь нь шинэ Үндсэн хуулийн төслийг дэмжсэн тохиолдолд уг хуулийг батлагдсанд тооцно. Сануулан дурдахад, хоёрдугаар сарын 11-ний өдөр төрийн тэргүүн  Касым-Жомарт Токаев бүх нийтийн санал асуулгыг 2026 оны гуравдугаар сарын 15-нд явуулах тухай зарлиг гаргасан билээ. 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *