Фрибурын олон улсын кино наадам Швейцар улсын Фрибур хотноо энэ сарын 20-29-нд болно. Тус наадамд найруулагч Ж.Сэнгэдоржийн “The Muralist” уран сайхны кино “Long Films” олон улсын уралдаант хэсэгт шалгарч, наадмын хүрээнд үзэгчдэд хүрэхээр товлогджээ.
Энэхүү кино Кино урлагийг дэмжих сангийн 2024 оны сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээлийн тодорхой хувьд санхүүжилт авсан юм. Мөн 29 дэх удаагийн Таллины “Хар шөнө” олон улсын кино наадмын үндсэн уралдаант хэсэгт шалгарч, NETPAC шагналын эзэн болсон юм.
Тус киног зохиолч Б.Хишигжаргалын “Сэтгэлийн зураас” нэртэй туужаас сэдэвлэжээ. Уг тууж нь зураач хүний дотоод ертөнцийн тухай өгүүлдэг аж. Киноны зураг авалтыг 2024 онд эхлүүлж, 45 хоногийн хугацаанд Улаанбаатар хот болон орон нутагт хийсэн байна.
Түүнчлэн тус наадмын хүрээнд найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” уран сайхны кино энэ сарын 25, 28-нд үзэгчдэд хүрэхээр товлогджээ. “Алдагдсан өдрүүд” уран сайхны кино нь Кино урлагийг дэмжих сангийн 2022 оны сонгон шалгаруулалтаар шалгарч бүтээлийн тодорхой хувьд санхүүжилт авсан юм. Киноны үйл явдал нь 13 настай Анхбаяр хүү гэр бүлийн чухал аяллаас өмнө амжиж нохойгоо олох хэрэгтэй болно. Туслах хүнгүй тэрбээр гудамд төөрсөн нохдын хамтаар эрлээ үргэлжлүүлэхээр шийднэ…





