Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран зохион байгуулж буй “Tourism week-2026” үндэсний чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Энэ жилийн чуулганд аялал жуулчлалын салбарын 800 гаруй төлөөлөгч оролцож, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцох боломжийг бүрдүүлж буйгаараа онцлогтой.
Монгол Улсын аялал жуулчлал салбар сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа юм. Статистикаас харвал 2023 онд 651 мянган жуулчин хүлээн авч, эдийн засагт 1.2 тэрбум ам.долларын орлого бүрдүүлсэн байна. Харин 2024 онд 809 мянган жуулчнаас 1.6 тэрбум ам.долларын орлого төвлөрүүлэв. Тэгвэл өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 847 мянган жуулчин хүлээн авч, дотоодын нийт бүтээгдэхүүний 7.8 хувийг бүрдүүлсэн нь өмнөх оныхоос 16 хувийн өсөлт бөгөөд бүс нутгийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт боллоо. Мөн энэ жилийн эхний хоёр сарын байдлаар манай улсад 45 мянга орчим жуулчин ирсэн нь өвлийн улиралд бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт юм.
Тус чуулганд оролцогчдын 55.2 хувь нь зочин, 24.1 хувь нь сонирхогч, 18.6 хувь нь оюутан байгаа бол үлдсэн хэсгийг илтгэгчид, хэвлэл мэдээлэл, олон улсын төлөөлөгчид болон ивээн тэтгэгчид бүрдүүлжээ. Үйл ажиллагааны чиглэлээр тур операторууд 24.3, боловсрол, сургалтын байгууллагууд 17, агаарын тээврийн компаниуд 16.9, жуулчны баазууд 12.6, хөтөч-тайлбарлагчид 6.6 хувийг эзэлж байна.
Чуулганы үйл ажиллагаа “Улаанбаатар” зочид буудлын эвент танхимд “Аялал жуулчлалын академи” өдөрлөгөөр өнөөдөр үргэлжилнэ. Өдөрлөгийн хүрээнд НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллага, JICA, Олон улсын эко аялал жуулчлалын сүлжээ, дотоодын салбарын байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, тогтвортой аялал жуулчлалын стратеги, олон улсын гэрчилгээжүүлэх тогтолцоо, “Best Tourism Villages” хөтөлбөр зэрэг сэдвээр танилцуулга хийх ажээ.





