Бүргэдээр ан хийх уламжлалт зан үйлийг 2010 онд ЮНЕСКО-гийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өв”-д бүртгэсэн. “Бүргэдийн баяр”-ыг жилд хоёр удаа, намар Баян-Өлгий аймагт, хавар Улаанбаатар хотод зохион байгуулдаг уламжлал тогтсон юм.
Аялал жуулчлалын сонирхолтой үйл ажиллагааны нэг болох “Бүргэдийн баярыг” 2000 оноос Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна. Энэ нь казах үндэстний бүргэдээр ан хийх уламжлалыг сэргээж, хойч үед өвлүүлэн үлдээх, жуулчдад сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгоход чиглэсэн томоохон үйл ажиллагаа юм.
Улаанбаатар хотод 20 дахь удаагаа “Бүргэдийн баяр-2026”-ыг 3 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд “Чингис хааны хүрээ” цогцолборт зохион байгуулна.
Бүргэдийн баярыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгээр Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын бүргэдчдийн холбоо, Баян-Өлгий аймгийн соёл, урлагийн газар, “Чингис хааны хүрээ” цогцолбор зэрэг байгууллага хамтран зохион байгуулна. Харин ХушХан (HushKhan) брэнд ерөнхий ивээн тэтгэгчээр оролцох юм.
Энэ удаагийн бүргэдийн баярт Баян-Өлгий, Төв, Сэлэнгэ зэрэг аймгаас 29 бүргэдчин оролцох бол Бүгд Найрамдах Казахстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Испани, Унгар, ОХУ-аас 16 тамирчин оролцох ажээ.





