Иран улсыг гурван хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл түр хугацаанд удирдана гэж тус улсын төрийн хэвлэлүүд мэдээлжээ. Уг зөвлөлд Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкиан, шүүх засаглалын тэргүүн Голямхосейн Мохсени Эйе, Үндсэн хуулийн цэцийн үүрэг гүйцэтгэдэг Хамгаалагчдын зөвлөлийн гишүүдээс нэг нь багтах ажээ.
Тэд Ираныг захирч байсан Али Хаменеин үүргийг түр хугацаанд гүйцэтгэх бөгөөд 88 нөлөө бүхий шашны номлогчоос бүрдсэн Сэцдийн зөвлөл шинэ удирдагчийг сонгох хүртэл улс орныг удирдана. Ираны хуулийн дагуу Сэцдийн зөвлөл нь шинэ дээд удирдагчийг аль болох хурдан сонгох үүрэгтэй. Хаменеиг залгамжлагч хэн байх нь одоогоор тодорхойгүй байна.
Аятолла Али Хаменеи хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын цэргүүдийн өргөн хүрээтэй цохилтод өртөн амиа алдсан болохыг Ираны төрийн телевиз баталжээ. Түүнийг амиа алдсантай холбогдуулан Ираны эрх баригчид орон даяар 40 хоногийн гашуудал зарласан байна.





