УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа СДМЭХ-ны Ерөнхйилөгчөөр сонгогдоод хэдхэн хонож байна. Тэрбээр “Миний бие Монгол Улсын улс төрийн ууган хүчин МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны ээлжит бус Их хуралдаанаар намын удирдлага, хамт олон, бүсгүйчүүдийнхээ итгэл дэмжлэгээр СДМЭХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Энэхүү итгэлийг би, нэр төр гэхээсээ илүүтэй хариуцлагын өндөр хэмжүүр хэмээн хүлээн авч байна.
СДМЭХ нь нийгмийн хүлээлтэд нийцсэн манлайллыг хэрэгжүүлж, жендерийн мэдрэмжтэй бодлогын институт болон бэхжихийн тулд хүн ам зүй, хүүхэд-эмэгтэйчүүдийн хамгаалал, гэр бүлийн үнэ цэнэ, хөдөлмөрийн шударга үнэлэмж, хүртээмжтэй оролцоо, гишүүдийн боловсрол-чадавх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг бодит ажил болгох, түүнчлэн дотоод ардчилал, ёс зүй, санхүүгийн ил тод байдлыг бэхжүүлж, сургалт, менторшип хөтөлбөрөөр дамжуулан манлайллын залгамж чанарыг баталгаажуулах зэрэг ажлын хүрээнд 5 тулгуурт “WOMEN” бодлогоо дэвшүүллээ.” хэмээн мэдэгдлээ.
W – Wellbeing | “Эрүүл Монгол ээж”
“Эх хүн эрүүл байж, гэр бүл эрүүл оршино. Тиймээс “Эрүүл Монгол ээж” санаачилгыг өрнүүлэн эмэгтэйчүүдийн бие махбод, сэтгэл зүй эрүүл байх нийгмийн суурийг бүрдүүлнэ.
O – Opportunities | Тэгш боломж-Шийдэл-Үр дүн
“Эмэгтэйчүүдийн Академи” байгуулж, боловсрол-ур чадвар, манлайллын боломжийг тэгш хүртээмжтэй олгоно. “Эмэгтэйчүүдийн Академи” байгуулах санаачилга нь эмэгтэйчүүдэд зориулсан чадваржуулах сургалт, манлайллын хөтөлбөр, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, сүлжээ холбоог хөгжүүлнэ. Энэ академи бол эмэгтэйчүүдийн өөртөө итгэх итгэл, мэдлэгийн хөрөнгө, ирээдүйн шат болно.
M – Motherhood | Асрахуйн эдийн засгийг бий болгох
Эхлэл бүхэн асаргаанаас эхэлдэг. Хүүхэд өсгөх, өндөр настан, тусгай хэрэгцээт иргэн, гэр бүлийн гишүүдээ асран халамжлах хөдөлмөр бол нийгмийн хамгийн том “үл үзэгдэх үнэ цэнэ”. Тиймээс асрахуйн эдийн засгийг бий болгох бодлогоор асаргааны хөдөлмөрийн үнэ цэнийг үнэлэх, үйлчилгээ, дэмжлэг, ажиллах хүчний зохион байгуулалтыг сайжруулах, эхчүүдийн хөдөлмөр эрхлэлт ба гэр бүлийн үүргийг зохистой тэнцвэржүүлэх шийдлүүдийг урагшлуулна.
E – Entrepreneur | “Бүтээлч санаачилга-Чанарт суурилсан бүтээмж”
Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, тэр дундаа бичил болон гарааны бизнесийг дэмжих, ур чадварын үйлдвэрлэлийг чанарт суурилсан бүтээмж болгон өсгөхөд чиглэнэ. Санхүүжилт, зах зээл, сургалт, менторшип, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, брэндинг зэрэг бодит дэмжлэгийг нэг цонхоор уялдуулж, “боломж” нь зөвхөн үг биш, үр дүн болдог орчныг бүрдүүлэн ажиллана.
N – National values | Үндэсний үнэт зүйлийг бэхжүүлэх
Эмэгтэй хүн гэрийн галыг асааж, үндэстний сэтгэлгээний үрийг суулгадаг. Иймээс үндэсний үнэт зүйл, уламжлал, ёс заншил, монгол хэл, гэр бүлийн хүмүүжил, эх хүний ариун нандин үнэлэмжийг хамгаалан таниулах, шинэ үед зөвөөр өвлүүлэх үйл ажиллагааг бодлогын түвшинд тууштай хэрэгжүүлнэ.
Эмэгтэйчүүдийн манлайлал зөвхөн өөрийгөө бус, бусдыгаа дагуулж, нэгнээ түшиж, эв нэгдлийг бий болгож, урагшлуулах хүч байдаг билээ. Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж, итгэл зүтгэл, эрч хүч, ур ухаанаа нэгтгэн хоёр өдрийг үр дүнтэй өнгөрүүлсэн эрхэмсэг бүсгүйчүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Одоо бидний зорилго тодорхой. “WOMEN” хөтөлбөрөө бодит ажил болгон, эмэгтэйчүүдэд эрүүл мэнд, боломж, дэмжлэг, бүтээмж, үнэт зүйл гэсэн өөрчлөлтийг авчрахын төлөө хамтдаа нэг зүгт, нэг зорилгын төлөө урагшилцгаая!
Хүндэтгэсэн, УИХ-ын гишүүн, СДМЭХ-ны Ерөнхийлөгч Д. Үүрийнтуяа





