Ард иргэд, үнэт зүйл, амь амьдралаа хамгаалахын тулд Европ байлдахад бэлэн байх ёстой гэж Их Британийн ерөнхий сайд Кейр Стармер Бямба гаригт /2026.02.14/ Мюнхены Аюулгүй байдлын бага хурлын үеэр хэллээ. Батлан хамгаалах үүрэг амлалт өгөхийн цагт тив өөрөө “хөл дээрээ бат зогсох ёстой” гэж тэр хэлэв. Мөн Их Британи, Европын холбоо хоорондын харилцааг гүнзгийрүүлэх шаардлагатайг онцолжээ.
Их Британи улс Оросын заналхийллээс хамгаалах аюулгүй байдлын арга хэмжээ болгож Арктик болон хойд зүгт нисэх онгоц тээгч хөлгөө байршуулах гэж байгаа аж. Бүс нутагт Оросын заналхийлэлтэй тэмцэх энэхүү хүчин чармайлтад АНУ, Канад, НАТО-ийн холбоотнууд нэгдэх хэрэгтэй гэж Стармер хэлжээ.
Тэрбээр “Украины энхийн хэлэлцээний дараа Оросын зэвсэглэл улам л нэмэгдэнэ. Иймд Европ тив түрэмгийллийг зогсоох бэлтгэлтэй байж, шаардлагатай үед тулалдахад бэлэн байх ёстой. Бид өөрсдийн хүч чадлаа бий болгох ёстой. Энэ бол өнөөгийн эрин үеийн хамгийн үр дүнтэй хэрэгсэл” гэсэн юм.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Европын түншүүд нь холбоотнуудаа хамгаалах тухай НАТО-ийн 5-р дүрмийг дагаж мөрдөж чадах эсэхэд эргэлзэж буйгаа өмнө нь олон удаа хэлсэн. ЗХУ-ын Европ дахь тэлэлтийг зогсоохын тулд НАТО-г 1949 онд үүсгэн байгуулж байв. Зүүн Европын зарим орныг багтаасан байдаг нийт 32 гишүүнтэй тус эвслийн хамгийн гол зарчимуудын нэг бол 5-р дүрэм. Тус дүрэмд зааснаар эвслийн аль нэг гишүүн рүү халдвал бусад руу нь ч бас бүгд рүү нь халдсантай ижил байдаг.
Тэгвэл Кейр Стармер Трампын эргэлзээг тайлж, Их Британийн хувьд 5-р дүрэм урьд өмнө нь ч, одоо ч хүчинтэй хэвээр гэдгийг баталжээ.
Тэрбээр “Эргэлзэх хэрэггүй. Хэрвээ хэрэг нь гарах л юм бол Их Британи улс өнөөдөр ч танд тусална” гэжээ.
Европын холбооны тэргүүн Урсула фон дер Лейен үг хэлэхдээ Кейр Стармерыг тууштай холбоотон бөгөөд анд нөхөр гэж тодорхойлсон байна. Тэрбээр “Европын холбоо ч тэр, Их Британи ч тэр манай холбоог дотроос нь сулруулахыг хүсч буй гадны хүчинтэй тулгарсан. Европ тив АНУ-ын зүгээс цочролын эмчилгээ авсан. Тиймээс батлан хамгаалалт дээрээ илүү хариуцлагатай хандах ёстой” гэжээ. Мөн Владимир Путинд илүү их дарамт шахалт үзүүлэх ёстойг тэр санууллаа.





