Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Мягмарсүрэнгийн Бадамсүрэн “Улсын аварга малчин”-д улаан халзтай гэр олгох бодлогыг цуцлаагүй, харин шагналыг сонголттой болгосон талаар тайлбарлалаа.
Тодруулбал, аварга малчид дараах 5 төрлийн багцаас сонгон авах боломжтой болжээ. Үүнд:
1. Улаан халзтай гэр
2. Starlink интернэт + сэргээгдэх эрчим хүчний иж бүрдэл
3. Бохир цэвэрлэх байгууламжийн иж бүрдэл
4. Сайн үүлдрийн эцэг мал
5. Малын тавлаг байдлыг хангасан битүү зөөврийн хашаа
Сайдын мэдээлснээр, аварга малчдаас саналыг нь нэг бүрчлэн авч, тухайн малчны сонголтод үндэслэн шагналын багцыг гардуулж өгөх юм байна. Харин гэрээс өөр багц сонгосон малчдад улаан халзтай гэрийн бүрээсийг давхар олгож байгаа аж.
Мөн цаашид шагнал, урамшууллыг илүүтэйгээр хөдөлмөр хөнгөвчлөх, дэвшилтэт технологид суурилсан, малчдын бодит хэрэгцээнд нийцсэн байдлаар олгох нь зүйтэй гэж үзэж байгаагаа онцоллоо.
Өөрөөр хэлбэл, “нэг загварын шагнал”-аас татгалзаж, малчдын амьдралд бодитоор хэрэгтэй сонголттой урамшууллын бодлого руу шилжиж эхэлжээ.





