Хотын дарга Х.Нямбаатарыг намнах ажиллагаа өнгөрөгч 14 хоногийн турш эрч хүчтэйгээр өрнөж, цахим орчноор дамжуулан ард иргэдийн тархи толгойг цэмбийтэл угаах төсөл эхэлсэн нь мэдэгдэж байв. 386 жилийн түүхтэй Монгол Улсын нийслэлийг удирдаж байсан дарга, захирагч нарын дунд мань эр шиг “хэрүүлч” гэх тодотголтой хүн байгаагүй нь үнэн л дээ. Гэхдээ тэр хэрүүлч хүн аж ахуйн ажлыг тунчиг дажгүй нугалчихдагаа харуулж чадсан. Ний нуугүй хэлэхэд нийслэлчүүд нээх заргач дагадаа дургүйцэхээ байж, ааштай ч ажилтай авгай гэдэг шиг итгэлийг түүнд хүлээлгээд эхэлчихсэн нь бодит үнэн.
Иргэд нь итгэл хүлээлгэж эхлэх үест Х.Нямбаатараас хотын даргын тамгыг булаах ажиллагаа эрчимжсэний цаадтай одоогийн УИХ-ын дарга Н.Учрал байна гэх мессеж ч хамт цацагдсан. Залуу МАН-ын зодоон заваарч байна, үргэлжилж байна хэмээн зах хязгааргүй шаагиж шуугидгаара цахим орчин ч бужигнасан.
Мэдээж Монгол Улсын нийслэлийг хөгжүүлж, мандуулах гэхэд гай болоод байгаа гэж үзсэн учраас Х.Нямбаатарыг зайлуулж, буланд шахах төсөл хэрэгжсэн юм биш л дээ. Хэдэн зуун мянган гишүүнтэй хэмээн хөөрөлхдөг эрх баригч намын төлөөх эрх мэдлээс тулаан өрнөж буй гэдгийг нь эрхбиш улс төрийн уйт, гунигт өрнөлийг ажиж сугаа хэнбугай нь ч хэлчихнэ. Нийслэлийн МАН бол манай түүхт эрх баригчдын хувьд том хөзөр. Тэр хөзрийг атгачихсан гүйж яваа хүн нь Х.Нямбаатар. Одоогоор мань эр аж ахуйн ажилдаа анхаарлаа хандуулж, сар шинээс өмнө шалаа арчиж, цонхоо угаа гэчихсэн ч тууж яваа. Харин ард нь халтирч унагах, бүр болохгүй бол түлхэж унагах төлөвлөгөөг хэрэгжүүлсэн ч амжсангүй.
Эх сурвалжийн өгүүлснээр энэ бүх нууц төлөвлөгөөний эзэн нь УИХ-ын дарга Н.Учрал угаасаа биш. МАН-ын генсек Я.Содбаатар, манай Засгийн тэргүүн Г.Занданшатар хоёр сууж байгаа гэнэ. Мэдээж, эдийн засгийн сонирхол ч бас бий. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 24 мега төсөл хэрэгжиж байгаа. Улсын төсвөөс мөнгө гаргалгүй хот өөрөө бонд босгоод ажлаа явуулж байгаа. Шунал шургалах орон зай яах аргагүй мөн.Гэхдээ Х.Нямбаатар аж ахйун ажилд сайнаас гадна эрх зүйч хүн. Тэр ч утгаараа АТГ хүртэл, “ах нар”-ын хатгаас матаасаар асууж шалгаад алдаа гаргаж чадалгүй мухардсан гэх мэдээлэл байна. Тиймдээ ч түүнийг намнах ажиллагаа мухар гудамжинд буланд хүрэх мэт зогссон хэрэг. Эцэст нь тэмдэглэхэд Х.Нямбаатарыг унагах төлөвлөгөөний зохиогч нь Н.Учрал биш, Я.Содбаатар, Г.Занданшатар хоёр. Зохиогчийн эрх гэж том юм байдаг биз дээ… “Ах нар” зохиогчийн эрхээ булаацалдаж, Н.Учралтай заргалдахгүй байгаа учраас бичиглэв, би.
З.УРСГАЛ





