дэлхийн анир

КИМ ЖӨН УН: УМАРД СОЛОНГОСЫН ГУРАВНЫ НЭГ ХУВИЙГ ШИНЭЧИЛНЭ

БНАСАУ-ын 20 бүс нутагт шинэ төслүүд хэрэгжүүлж, “өөрчлөн шинэчлэлт хийнэ” гэж тус улсын удирдагч Ким Жөн Ун мэдэгджээ. Тодруулбал, эмнэлэг, соёл амралтын цогцолбор, аж үйлдвэрүүдийг барих төслүүдийг хэрэгжүүлэх бөгөөд Умард Солонгосын нийт газар нутгийн гуравны нэг гаруйд нь өөрчлөн шинэчлэлт хийх ажээ. 

Ким Жөн Ун БНАСАУ-ын баруун өмнөд хэсэгт орших Хванхэ-Намдо мужид барилгын төслийн ажлыг эхлүүлэхийг үүрэг болгожээ.

Тэрбээр хэлэхдээ “хот, тойргуудын гуравны нэг орчим нь шинэчлэгдэнэ” гэж онцолсон байна. БНАСАУ-ын удирдагч бусад албан тушаалтнуудын хамт газар ухаж, тэнд цугласан хүмүүс алга ташиж байгаа зургууд төрийн мэдлийн хэвлэлүүдэд нийтлэгджээ.

Тус улсын эрх баригч Хөдөлмөрийн намын IX их хурлын төлөөлөгчдийг нэгдүгээр сарын 28-нд болсон намын Төв хорооны хурлаар сонгосон тухай тус улсын төрийн мэдлийн KCNA агентлаг өмнө нь мэдээлжээ. Хөдөлмөрийн намын их хурал таван жилийн дараа болох боловч хэдийд болох нь тодорхойгүй байна.

БНАСАУ-ыг “социалист үлгэр жишээ орон” болгох төлөвлөгөөгөө тус улсын эрх баригчид зарладаг уламжлалтай. Тухайлбал, 2022 оны есдүгээр сард хоёр шинэ хуулийг хэрэгжүүлэх замаар хөдөө орон нутгийг эрс шинэчлэх зорилт тавьж байв.

Үүний зэрэгцээ цөмийн болон пуужингийн хөтөлбөртэй нь холбогдуулан тавьсан олон улсын хориг, мөн байгалийн гамшгууд нүүрлэснээс үүдэлтэй эдийн засгийн хямрал БНАСАУ-д үргэлжилсээр байгааг шинжээчид дурджээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *