Украины ерөнхийлөгч Зеленскийг энхийн хэлэлцээний асуудлаар Москвад айлчлахыг урьсан гэж Кремль Пүрэв гаригт /2026.01.29/ мэдэгдлээ. Эл урилгынхаа хариуг Украины талаас хараахан аваагүй байгааг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэв. ОХУ өнгөрсөн жил Зеленскийг айлчлахыг урьсан боловч тэр татгалзаж байжээ. Өөрийнх нь улс руу өдөр бүр пуужин харваж буй улсад айлчилж чадахгүй гэж Зеленский мэдэгдээд, оронд нь Путиныг Киевт айлчлахыг урьж байсан билээ.
Путин, Зеленский нар уулзлаа гэхэд маш нарийн бэлтгэл шаардлагатай. Мөн энэ уулзалт тодорхой үр дүнд чиглэсэн байх ёстойг Кремлийн гадаад бодлогын зөвлөх Юрий Ушаков хэлжээ. Хэрвээ Зеленский Москвад ирвэл түүний аюулгүй байдлыг баталгаажуулна гэв.
Дашрамд дурдахад, дөрөв дэх жилдээ үргэлжилж буй дайныг зогсоох хүчин чармайлт үргэлжилсээр байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Абу Дабид болсон Вашингтоны зуучлалтай энхийн хэлэлцээ үр дүнтэй болсон гэх боловч Орос, Украины байр суурийн хооронд гүнзгий ялгаа байсаар байна. АНУ-ын эх сурвалжийн мэдээлснээр, Абу Дабигийн хэлэлцээний дараа Зеленский, Путин нарт уулзах тохироо бүрдэж буй бололтой.
Абу Дабигийн хэлэлцээний дараагийн шат энэ Ням гаригт /2026.02.01/ товлогдсон. Талууд олон зүйл дээр санал нэгдсэн ч гэлээ газар нутаг, дайны дараа Украины нутаг дэвсгэрт байрлах энхийг сахиулагчид, Запорожье атомын цахилгаан станцын ирээдүй гэсэн асуудлууд дээр зөвшилцөлд хүрээгүй хэвээр байна.





