нэр төр

 Д.ТҮВШИНСАЙХАН: ЗАРЛИГ, ТОГТООЛ ГАРГАЖ ИХ НАЙРАЛ БОЛГОЧИХООД ОДОО “ЦОМХОТГО” ГЭХ ЮМ…

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 оны хоёрдугаар сарын 1-нд 09 дугаартай Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргасан. Эл зарлигийн 1.4 дэх заалтад “Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, Монгол Улсын Соёлын элч Морин хуурын чуулгыг найрал хөгжим болгон өргөжүүлж, холбогдох төсөв, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэн шийдвэрлэх, мэргэжлийн морин хуурч бэлтгэх тогтолцоог дэмжих” хэмээн тусгасан байдаг. Уг зарлигийн хэрэгжилтийн явцыг олон нийтэд тухай бүр мэдээлж, тайланг Монгол Улсын Ерөнхийлөгчид жил бүр ирүүлж байхыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон юм. Төрийн тэргүүний уг зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2024 оны хоёрдугаар сарын 14-нд Морин хуур найрал хөгжмийн бүтэц, орон тоог шинэчлэн баталснаа Засгийн газраас мэдээлж байв. Тодруулбал, уг найрал хөгжмийн орон тоог 61 байхаар тогтоож, дүрмийг нь шинэчлэн баталж, хувцас, хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэж байсан юм.

Гэтэл өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар дэмжсэн, Монгол Улс, морин хуурыг дэлхийд таниулахад жинтэй хувь нэмэр оруулж буй Морин хуур найрал хөгжмийг Төрийн тэргүүний дэмжиж гаргаж ирсэн Засгийн газар нь хяхаж эхэлжээ. Уг нь хоёрхон чавхдасаараа хорвоогийн явдлыг өгүүлдэг морин хуураараа улс орноо гадаадад сурталчилж буй учраас эл найрал хөгжмийг Соёлын элчээр өргөмжилж, тэргүүн зэргийн одонгоо хүртээсэн нь лавтай. Харин одоо найрал хөгжмийнхөө хүн хүчийг Засгийн газрын шийдвэрээр цомхотгож байна. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Засгийн газраас баримталж буй “бүсээ чангалах” бодлогын хүрээнд төрийн байгууллагууд ажилтан, албан хаагчдаа есөн хувиар цомхотгох болсон. Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхийлөгчийнхөө зарлигтай зөрчилдөн, Морин хуур найрал хөгжмийн уран бүтээлчдийг цөөлж буй аж. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас “Таны 2024 оны 09 дүгээр зарлигийг зөрчиж, Морин хуурын найрлын уран бүтээлчдийг цомхотгосон шүү” гэсэн тайланг Ерөнхий сайд Г.Занданшатар Төрийн тэргүүнд хүргүүлэх нь.

Ерөнхийлөгчийн зарлигын дагуу өнгө төрх нь сэргэсэн Морин хуур найрал хөгжмийнхөн төсөв танах “аян”-аас болж, найрал бүү хэл, чуулгын хэмжээнд ажиллахад ч бэрх болж буй гэнэ. Энэ талаар Морин хуур найрал хөгжмийн ерөнхий удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Түвшинсайханаас Өнөөдөр сонин тодруулжээ.

Морин хуурын чуулгыг найрал хөгжим буюу оркестр болгож, багагүй хөрөнгө, хүч зарсан. Монголын нэрийг гайхуулдаг найрал хөгжмийнхөө цөөхөн бүрэлдэхүүнийг цомхотгох болжээ. Та үүнд байр сууриа илэрхийлэхгүй юү.

-Ийм асуудал сөхөгдөж байгаад харамсаж байна. Морин хуурын чуулгыг өргөжүүлэх нь үүсгэн байгуулагч, Ардын жүжигчин Ц.Батчулуун гэдэг хүний мөрөөдөл байсан юм. Багш минь “Зөвхөн морин хуур биш, олон төрлийн хөгжмийн зэмсгээр тоглодог учраас зайлшгүй найрал хөгжим болох ёстой” гэж ярьдаг байлаа. Соёлын яамтай болсноос хойш Морин хуурын чуулгыг их найрал болгох ажлууд сайн дэмжигдсэн.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх зарлигийг 2024 онд гаргасантай холбоотойгоор зөвхөн Монголдоо бус, дэлхийн дайдад түгээн дэлгэрүүлэх ажлыг илүү өргөн явуулахаар зорьж байна. Уг зарлигийг дагалдуулаад Морин хуурын чуулгыг Морин хуур их найрал хөгжим болгосон юм.

Гэтэл Засгийн газрын хэмнэлтийн хууль гээд төрийн албан хаагчдыг цомхотгоод эхэллээ. Нэг талаар хэмнэж байгаа ч нөгөө талаар хүний төлөө гэх бодлогоо сөрөөд буй хэлбэр. Бид аргагүйн эрхэнд цомхотгол хийж эхэлсэн. Юун их найрал, буцаад чуулгын хэмжээндээ оччихсон. Гэтэл ахиад цомхотгох сураг дуулдах боллоо. Ний нуугүй хэлэхэд, төрийн ажил өөр хоорондоо харилцан уялдаа муутай нь харагдаад байгаа юм. Зарлиг гаргаж, тогтоол баталж их найрал болгочихоод одоо цомхотго гэж буйг өөрөөр хэрхэн ойлгох билээ.

Морин хуур найрал хөгжим болсноос хойш Японы “NHК hall”-оос эхлээд дэлхийд хэд хэдэн театрт тоглосон. Ер нь дэлхийн том тайзнуудад тоглохын ач холбогдол юу вэ?

-Таны хэлээд буй Японы “NHК hall”-ын тайзнаа Соёлын өмнөх сайдын үед тоглосон юм. Японы Өргөмжит консул асан, Соёлын элч Сато Норико олон ч удаа Морин хуурын чуулгыг Японд тоглуулах ажлыг зохион байгуулж ирсэн нь тэр том тайзнаа гарахад нөлөөлсөн. Ер нь 2020 оноос хойш гадагшаа чиглэсэн сурталчилгаа хүчтэй хийсэн. Үр дүн нь өндөр байсан. Ялангуяа манай үндэсний урлаг шинэ түвшинд гарч чадсан шүү. Хамгийн наад захын үр дүн нь жуулчдын тоо нэмэгдсэн. Соёлын салбарын тухайд үндэсний урлаг, морин хуурыг дэлхийд сурталчлах ажлыг үнэхээр зоригтой хийж чадсан сайд бол УИХ-ын гишүүн Ч.Номин. Морин хуур найрал хөгжим маань 2020 оноос төрийн айлчлалын багт явдаг болсноор улс орон, өв соёлоо таниулах ажил эрчимжсэн. Цаашдаа зөвхөн төрийн айлчлалаар хязгаарлагдахгүйгээр гадаадын том тайз, театр руу сайн хөтөлбөрүүдээр дамжуулан гарах хэрэгтэй. Тэр хэрээр аялал жуулчлал дагаад хөгжих нь гарцаагүй. Монголыг зорих жуулчдын тоонд шууд утгаараа нөлөөлнө.

Морин хуурынхныгаа найрал хөгжмийн хэмжээнд хүргэж ядаж байхад орон тоог нь цомхотгох асуудал хөндөгдлөө гэсэн утгатай үг филармонийн захирал хэлсэн. Бодит байдал ямаршуухан байгаа бол?

-Найрал хөгжим дэлхийд тогтсон стандарттай. Манайд бол стандартдаа хүрч хараахан чадаагүй. Симфони оркестр гэхэд УДБЭТ-т ч, манай филармони ч адил 50 гаруй хувьтай л байна. Бүтэн найрал хөгжмийн дуугаралт гэдэг огт өөр. Үнэндээ биднийх дутуу. Боловсон хүчний дутагдлаас болж зарим хөгжмийн зэмсгийг ашиглаж чадахгүй тохиолдол ч бий. Морин хуур найрал хөгжмийн хувьд нэмэлтээр хөгжимчид суулгаж аргалж байна. Ямар ч урамшуулал, цалин хөлсгүйгээр уран бүтээлчдийг тоглуулдаг. Хэмнэлтийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2025 оноос шүү дээ. Симфонийн баланс гэж бий. Ганц ёочин суулгаад болчихдоггүй. Хоёр ёочинч сууж тоглож байж дуугаралт нь зөв болно. Ятгыг зургаа, хуурыг 20 болгосон. Гоцлоочид нь тусдаа байдаг. Шуудхан хэлэхэд найрал хөгжмийг арай өөр түвшинд гаргах хэрэгтэй. Улсын хэмжээнд найрал хөгжим дөрөв л бий.

Филармонид симфони найрал хөгжим, Морин хуур найрал хөгжим. Дуурийн симфони оркестр, Үндэсний урлагийн их театрын үндэсний найрал хөгжим. Ний нуугүй хэлэхэд, найрал хөгжмийг мэргэжлийн түвшин рүү ойртуулах зайлшгүй шаардлагатай.

Зүгээр л нэг төлөвлөгөө оруулж ирчихээд, компанийн засаглал руу оруулж болдоггүй эд. Гэтэл төр засаг маань урлагийн байгууллагад яг тийм маягаар хандаад байна. “Дарга нарын орон тоог цөөл” гэх давлагаанд хамааруулаад найрал хөгжим биш болчихож байгаа нь үндэсний эмгэнэл.

Чуулга байх үедээ хэдэн хүнтэй байв, найрал хөгжим болоод хэд болсон юм бол?

-Дахиад цаг хугацааг эргэн ярья. 1992 онд тогтоол гаргаад 1994 оны дөрөвдүгээр сарын 16-нд нээлтийн тоглолтоо 28 хүний бүрэлдэхүүнтэй хийсэн. Уг бүрэлдэхүүнтэйгээ 2012 он хүргэсэн. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү Удирдах зөвлөлд орсноор нэмж нэг удирдаач авсан юм. Ингэснээр бүрэлдэхүүн маань 31 болсон. Үүгээрээ явсаар байгаад Ерөнхийлөгчийн зарлиг гарч, өнгөрсөн Засгийн газрын үед 56 хүний бүрэлдэхүүнтэй болж байгаа юм. Сайн нэмсэн шүү дээ, уг нь.

Бүтэц бүрэлдэхүүн дутуу болчихоор олон улсын театрт тоглож чадах уу?

-Бидэнд А, В гэсэн хоёр хувилбар байна. Ерөөс найрал хөгжмийн бүрэлдэхүүн, хуучин чуулгын бүрэлдэхүүн гэсэн хоёр статустай байхаар төлөвлөсөн. Найрал хөгжмийн баг бүрэлдэхүүн хасагдсан учраас ганхаад байна шүү дээ. Ийм хоёр хувилбар руу шилжвэл ядаж чуулгын хэмжээнд бариад байна гэсэн үг. Морин хуур найрал хөгжмийн тухайд дуугаралтаар нь тооцоолж байна. Тэгэхээр олон улсын тайзнаа чуулгаараа бол асуудалгүй, найрлаараа бол худлаа болж таарна.

Найрлаараа олон улсын театрт тоглохын ач холбогдол, давуу тал юу вэ?

-Дуу, дүрслэлийн хувьд хүчтэй, илүү боломж нээгдэнэ. Зохиолын хөгжим дээр манайх хоёр хөгжимчинтэй байсан, одоо дөрөв болсон. Үнэндээ өнөө дөрөв минь 20 гаруй хүний ажил хийж байна. Энгийнчилбэл, илүү олон төрлийн хөгжмийн зэмсэг ашиглаж байгаа гэсэн үг. Тэр хэрээр илүү нарийн зүйлийг үзүүлэх боломж нээгдэж таарна. Ахиад хэлье, найрал хөгжим өргөжих хэрэгтэй. Монгол Улс морин хуураар нэрлэгдсэн найрал хөгжимтэй байх хэрэгтэй. Манайд нэг, хоёрдугаар групп бий. Морин хуурын чуулгын группт дан утсан хөгжмийн, морин хуур, төгөлдөр хуур, дан эмэгтэйчүүдээс бүрдсэн татлага, морин хуурын дөрвөл, ятгын зургуул гээд дотроо маш олон задардаг. Сая цомхотголоор нэг группээс 1-2 хүн хасагдсан. Товчхондоо найрал хөгжмөөс танагдаж буй мэт харагдаж байгаа ч дотроо олон салаа мөчир байхгүй болчихлоо л доо. Хиймэл шүд шиг болчихсон гэсэн үг. Улс орны эдийн засаг гайгүй болчих байлгүй гээд л боломжоо шавхаад сууж байна.

Ер нь бид гаднынхныг их шүтдэг улс. Зүй нь өөрсдийн өв соёл, олж буй ололт, амжилтдаа тулгуурласан том бодлого явж байх ёстой. Монгол хүний ондоошлыг харуулж чадах зүйл маань хэл, соёл. Би зөвхөн хөгжмөөр яриагүй шүү. Урлаг, өв соёлоо улам хүчирхэг харагдуулах хэрэгтэй. Биднийг чимэх зүйл ерөөсөө энэ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *