улс төр

“ЭРДЭНЭС КРИТИКАЛ МИНЕРАЛС” ТӨҮГ-ЫН ЗАХИРАЛ Д.ТОГТОХСҮРЭН ХОЙШЛУУЛШГҮЙ АЖИЛЛАГААГААР БАРИВЧИЛЖЭЭ

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга асан “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэн баривчилжээ. Тодруулбал, түүний албан өрөөнд АТГ-ынхан прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд нэгжлэг хийж, саатуулсан бөгөөд Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Ташрамд сануулахад, түүнийг УИХ-ын гишүүн байхад нь нэг бус иргэн гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн АТГ-т шалгуулахаар хандаж байсны дагуу 2019 оноос Д.Тогтохсүрэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн ч тэгсхийгээд мартагдсан.

Тухайлбал, Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа тендерт оролцогч аж ахуйн нэгжийг хясан боогдуулж, удирдлагаас нь 70 сая төгрөгийн хахууль авсан гэх гомдлыг аргагүй байдалд орж мөнгө өгсөн иргэн нь гаргаж байсан удаатай. Хожим 2023 онд сонгогчдод бэлэн мөнгө тарааж байсан дүрс бичлэг нь олон нийтийн сүлжээнд цацагдаж, мөн л иргэд Д.Тогтохсүрэнг шалгуулахаар АТГ-т хандаж байсан.

Харин энэ удаа мань эрийг ТӨҮГ-ын захирлаар томилогдсоноосоо хойш албан тушаалаа урвуулж, бусдаас багагүй хэмжээний хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй үйлдлүүдэд холбогдуулж саатуулсан бололтой.

 

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *