Монгол адууны диваажин бодлого, хөтөлбөрийн санаачлагч Б.Наранбадрах мал, тодруулбал, адууны хулгайн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол орны өнцөг булан бүрд өдөр бүр адууны хулгай гарч байна. Нэг малчны 100 адууг гэрийнх нь баруун талын жалганд толгойг нь тасдаад аваад явчихдаг. Цусных нь ормоор хойноос нь хөөгөөд очихоор өөдөөс нь бууддаг. Хамагаа алдсан малчин айл хамаг малаа зараад хот руу нүүхээс өөр сонголтгүй болдог. Байдал ийм л байна.
Малчдын маань хамгийн бага нь 50 адуугаа алдсан байна. Монголд гардаг малын хулгайн 54 хувь нь адууны хулгай байдаг ч илрүүлэлт нь 29 хувь, хохирол барагдуулалт нь 5 хувьтай. Малчин, цагдаа хоёрын дунд үл ойлголцол болдог. 2017 онд Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэхээр гаргасан хуульд нь сэжигтнийг хүний эрх гээд гадуур байцаадаг. Малчин хулгайчийг нь барьж өгөөд байхад цагдаа өөрөө тавиад явуулчихлаа гэдэг. Ингэж явсаар малын хулгай эдийн засаг нийгэмд нөлөөлдөг болсон.
Жилд хот руу багадаа 30-59 мянган хүн нүүдэг. Яагаад нүүж байгаа тухай Швейцарийн агентлагаас хийсэн судалгааны асуулгаар тэдний 37 хувь нь малын хулгайн гэмт хэргийн хохирогч болсон гэж хариулсан байдаг. Малын хулгайн илрүүлэлт үнэхээр муу болсон. Учир нь худалдаачид малчнаас мал, мах авахдаа зөвхөн малын эмчээс бичиг авдаг. Багийн дарга, цагдаад мэдэгдэхгүйгээр шүү дээ. Хуулийн хийдэл, цагдаа,малчин хоёрын үл ойлголцлоос болж хохирогчид нэмэгдсээр байна. Шуудхан хэлэхэд, худалдан авахад болон шалгалтын явцад бодлогын түвшинд тэмцэх хэрэгтэй байна. Малын хулгайн хууль маш сул дээрээс нь хохирол барагдуулалт зэргийг сайжруулах хэрэгтэй байна” хэмээн онцоллоо.
