нэр төр

С.БАЯРЦОГТ: БУСДААСАА ЖААХАН ИЛҮҮ ЯВАА НЭГНЭЭ ДАЙРДАГ ЭНЭ СИСТЕМЭЭР БИД ХӨГЖИХГҮЙ

Монголчууд дэлхийн том эдийн засаг руу гарахыг хүсч байгаа нэгнийгээ дэмжээд л явах ёстой л доо. Бидэнд Кёкүшюзан шиг эхлээд замыг маань нээгээд өгдөг хүн хэрэгтэй. Асашёорюү шиг аварга болдог хүн хэрэгтэй. Цаашлаад Хакүхо шиг бүх рекордыг нь эвддэг хүн хэрэгтэй. Ийм эрсдэл хийж чаддаг, өөртөө итгэх итгэл найдварыг бусдад бий болгодог хүмүүсээ дэмжих ёстой юм л даа. АНУ руу гардаг, Солонгос руу гардаг, Хятад руу бизнес хийдэг. Ийм хүмүүс бидэнд хэрэгтэй.

Сэтгэлгээний хувьд бид маш их хувьсгал хийх цаг болжээ. Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна, хүмүүс түүнийг сайн муу хэлж болно.

Гэтэл тэр хүн хэний ч хийж чадаагүй хоёр зүйлийг хийсэн. Худалдаа хөгжлийн банкийг гадаадынхнаас авчихсан, Эрдэнэтийг оросуудаас авчихлаа. Одоо монголчууд УБТЗ-ын тавин хувийг авмаар байна шүү дээ. Би энэ хүний сайн мууг мэдэхгүй. Гэхдээ түүнд байгаа үндэсний хэмжээний бизнесийн хэлцэл хийж чаддаг чадварыг бид үнэлэх ёстой л гэж бодож байна. Ц.Баатарсайханыг хар. Японд сурсан мэдлэгээ ашиглаад Японы хөрөнгө оруулалтыг татаад амжилттай бизнес хийж байна.

Гачууртын Л.Чинбат байна. Алтнаас олсон хөрөнгөө органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл рүү хийж байна. Мэдээж таалагдахгүй зүйл байгаа л байх. Гэхдээ тэд том баялаг бүтээж байна. Ж.Оджаргалыг бас хар. Шинэ юмны төлөө зүтгэж, бүтээж чаддаг, оюуны чадавхтай багийг бий болголоо. Бид ийм хүмүүсээсээ суралцах ёстой. Түүнээс бусдыг адалдаг, муулдаг, түүгээрээ амиа тэжээдэг хүмүүсийг өөгшүүлсэн нийгмийг бид бүтээж болохгүй. Бусдаасаа жаахан илүү яваа нэгнээ дайрдаг энэ системээр бид хөгжиж чадахгүй л дээ.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *