дэлхийн анир

ДЭЛХИЙ ЗЭСИЙН ШИНЭ УУРХАЙД АНХААРАЛ ХАНДУУЛЖ БАЙНА

Лондоны зах зээл дээр нэг тонн зэсийн үнэ 11,771 ам.долларт хүрч, Шанхайд 93,300 юаньд ойртсон бол Нью-Йорк болон Мумбайд ч мөн адил үнэ нь өссөн байна. Ерөнхийдөө, зэсийн үнэ дэлхий даяар эрэлт ихсэж, нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор өсөж байгаа аж. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, цэвэршүүлсэн зэсийн хэрэглээ 2035 он гэхэд 33 сая тонн, 2050 он гэхэд 37 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь 2024 оны ойролцоогоор 27 сая тонноос нэмэгдсэн мэдэгдэхүйц өсөлт юм.

Түүнчлэн Лондонгийн Металлын Биржийн (LME) агуулахуудаас зэсийн татан авалт өссөөр байгаа бол АНУ-ын “Comex” биржийн нөөц түүхэн дээд түвшинд хүрчээ. Гэсэн хэдий ч нийлүүлэлтийн хүндрэл нэмэгдэж байгаа аж.

Хятадын хайлуулах үйлдвэрүүд боловсруулах шимтгэл буурч, түүхий эдийн хомсдол үүссэнтэй холбоотойгоор цэвэршүүлсэн зэсийн үйлдвэрлэлээ ойролцоогоор 10 хувиар бууруулахаар төлөвлөж байна. Мөн шинжээчид 2026 он гэхэд 450 мянган тонн зэсийн нийлүүлэлтийн дутагдал үүсэж болзошгүйг анхааруулж байна. Тиймээс шинэ уурхайг бий болгох шаардлагатай гэж тооцоолж байгаа бөгөөд хөрөнгө оруулалт татахын тулд зэсийн үнэ 2026 онд нэг тонн нь дунджаар 12 мянган ам.доллароос дээш байх шаардлагатай гэж үзэж байна. Хэдийгээр зэсийн үнэ шинэ дээд түвшинд хүрсэн ч нийлүүлэлтийн тасалдал гарч болзошгүй байна. Дэлхийн нийт олборлосон зэсийн бараг 40 хувийг нийлүүлдэг Чили болон Перу улсад үйлдвэрлэлийн тасалдал гарч, олборлолт удааширчээ.

Олон улсын Зэсийн судалгааны бүлгийн (ICSG) мэдээллээр, 2024 онд дэлхийн цэвэршүүлсэн зэсийн нийлүүлэлт ердөө нэг хувиар өссөн бол уурхайн олборлолт хоёр хувиас ч бага өсөлттэй байжээ. Энэ нь нийлүүлэлтийн хэмжээ маш удаанаар нэмэгдэж байгааг харуулж байна. Тиймээс дахин тасалдал үүсгэхгүйн тулд зарим орнууд зэс олборлох шинэ уурхайн төсөлд анхаарал хандуулж эхлээд байна. Учир нь Чили, Перугийн уурхайнуудад хүдрийн чанар муудах асуудал гарч эхэлжээ. Мөн байгаль орчны шаардлага, орон нутгийн зөвшөөрөл, усны хомсдол шинэ төслүүдийг удаашруулж байгаа аж.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *