Үндэсний статистикийн хорооны мэдээгээр инфляци сүүлийн саруудад эрчимжин, арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.2 хувьтай гарч байна. Энэ нь оны өмнөх саруудаас огцом өссөн үзүүлэлт. Инфляц гэж албаны хэлээр монгол төгрөг америк долларын эсрэг суларч, америк доллар монгол төгрөгийн эсрэг чангарахыг хэлдэг. Харин ахуй амьдралын хэлээр бид юмны өмнө өсөх гэж ярьдаг. Бид бензин, дизелийн түлшээ худалдан авахдаа ам.доллараар тооцоо хийдэг учраас Монголын эдийн засаг бол энэ валютаас бүрэн хамаарсан байдаг. Учир нь бензин, дизелийн үнэ бүх бараа бүтээгдэхүүний үнийг тодорхойлж байдаг эдийн засгийн суурь үнэ. Ийм учраас Монголын эдийн засаг ам.долларын эдийн засаг байдаг. Ер нь дэлхий даяараа л ийм. Үүнийг нефть-доллар схем гэдэг. Дэлхийн улс орнуудын эдийн засгийг атгаж байдаг долларын ноёрхлын учиг нь энэ.
Инфляцын энэ огцом өсөлт, “юмны үнэ” шуургалан өсч байгаагийн шалтгааныг Монгол банкны мөнгөний бодлогын хороо махны үнэ улирлын хандлагын даган буураагүй гэж тайлбарлаж буй доромжлол, эсвэл солиорол гэхээс өөр аргагүй.
Жишээ нь махны үнэ буурахгүй байгаагаас бусад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа гэдгийг юу гэж ойлгох вэ? Бэлчээрийн малын мах бол Монголын эдийн засгийн жинхэнэ үндэсний үйлдвэрлэлийн бтээгдэхүүн. Учир нь ам.доллараар худалдан авдаг бензин, түлшнээс харьцангуй бага хамааралтай.
Малчин айлын ахуйн хэрэглээ, мах тээвэрлэлтээс бусаар нефть, цахилгаан хэрэглэдэггүй. Тэгэхээр 8.2 хувьд хүрч огцом өссөн инфляцын шалтгаан нь махны үнэ улирлын хандлагаа дагаад буугаагүйд биш, харин эсрэгээрээ хэдэн малын буянд үндэстний стратегийн хүнсээ дотооддоо үйлдвэрлэж буй тулдаа инфляцыг нэг оронтой тоонд үлгэн салган тогтоож буйг бид ойлгох цаг болсон.
Дэлхийн эдийн засагт алт, зэсийн үнэ түүхэнд байгаагүй дээд түвшинд хүрснийг дагалдан Монгол Улсын ам.долларын албан нөөц зургаан тэрбумд хүрч түүхэн дээд амжилт үзүүлж байна. Гэтэл үндэсний валютын ханш өсөж, “юмны үнэ” өссөөр байгаагийн учир юу вэ? Зүй нь энэ нөөцөөсөө валютын хар зах Найман шарга дээр ам.доллар гаргаж зараад монгол төгрөгөө чангалах ёстой. Үүнийг интервенц гэдэг. Гэтэл интервенцийг ОУВС-тай тохиролцсоны үндсэн дээр хийдэг гэх. Эндээс Монгол Улс ханш багатай ам.доллараар нефть бүтээгдэхүүнээ худалдаж авч болохгүй, Монгол Улс ам.долларын эсрэг үндэсний валютаа дур мэдэн чангалж болохгүй, Монголын эдийн засаг тэлж, хөгжиж болохгүй гэдэг их гүрний бодлогын мөрдлөгөө харагддаг. Үүнийг санхүүгийн колоничлол гэдэг.
Ийнхүү эрх баригчид санхүүгийн давуу талаа нефтийн импортыг зөвшөөрлийн тусгай дэглэмд барьж, үндэсний эдийн засгийг буюу өсөж, тэлэх боломж олгохгүйгээр хадгалдаг хоёр дахь тулгуур нь мал махны экспортын тусгай зөвшөөрлийн дэглэм юм.
Энэ тусгай зөвшөөрлийн дэглэмийг буулгачихвал үндэсний эдийн засгийн сэргэлт болно. Өөрөөр хэлбэл эрх баригчдыг санхүүжүүлэгч улс төрийн хүрээллийн ивээлийн компаниуд биш малчин айл бүр экспортлогч болон хувирна. Өндөр цалинтай маш их ажлын байр хөдөөд бий болж, дагалдан хотын төвлөрөл түгжрэл, үндэсний валют төгрөгийн ханш улам чангарах зэргээр олон асуудлууд цэгцээ олно. Эрх баригч нам санхүүгийн ноёрхолд суурилсан, сонгуулийн давамгай алдана. Иим учраас Монголын эдийн засаг ам.долларын эдийн засаг байх, ард түмэн ядуу байх МАН оршин тогтнож, ноёлон дарангуйлж байхын амин сүнс нь юм. Ер нь тэгээд одоогийн эрх баригчид Монголын эдийн засгийг үндэсний эрх ашиг, ард олны тусын тулд биш сонгуулийн ялалтад баримжаалж удирддаг.
НИЙТЛЭЛЧ О.ГАНЗОРИГ





