нэр төр

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зохион байгуулсан “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын багц 1 Өндөр даралтат булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх ажил”-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаартай тендер шалгаруулалттай холбоотой олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон тус үйлдвэрийн Тендерийн үнэлгээний хорооны гишүүд нь үгсэн хуйвалдах замаар өндөр даралтат булт нунтаглагч худалдан авах тухай 166 тэрбум 91 сая төгрөгийн төсөв бүхий ланжгар том тендерийг хэрхэн будлиантуулсан түүхийг энэхүү нэвтрүүлгээс үзнэ үү.” гэсэн агуулгатай илт нэг талыг барьсан, ташаа мэдээлэлд тус үйлдвэрийн газрын зүгээс дараах мэдэгдлийг гаргаж байна.

НЭГ: Улсын Дээд Шүүхээс илт хууль бусад тооцсон гэрээгээр 83 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн гэх асуудлын талаар:

– Нэхэмжлэгч тал (Weihai Changte Industrial Machinery Company Co.,Ltd)-аас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан эрхийнхээ хүрээнд 5/015-24 дугаар гэрээтэй холбоотой “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 119/Ш32024/0105 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1 дэх заалтыг баримтлан захиргааны актын биелэлт, гэрээний хэрэгжилтийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул талуудын хооронд байгуулагдсан гэрээ 2024.12.03-ны өдөр цуцлагдах хүртэлх хугацаанд хуулийн хүрээнд хүчин төгөлдөр хэрэгжиж, захиалагч тал гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлэн ажилласан учир хууль тогтоомж зөрчөөгүй болно.

ХОЁР: Улсын Дээд Шүүх болон Нийслэлийн Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаагүй гэх асуудлын талаар:

– “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Өндөр даралтат булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажил”-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулж, “ФЛСМИДТ Монголиа” ХХК-тай 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Багц №1 Өндөр даралтат булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажил”-ыг гүйцэтгэх 5/015-24 дугаартай гэрээ байгуулсан.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/569 дугаар магадлалтай холбогдуулан хяналтын журмаар гомдол гаргасан боловч Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан учир Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.5 дахь хэсэгт заасны дагуу тогтоол хүчин төгөлдөр болсон.

Үүний дагуу “Флсмидт Монголиа” ХХК-тай байгуулсан 5/015-24 дугаартай гэрээг 2024.12.03-ны өдрийн ТБ-134-12/7677 дугаар албан бичгээр цуцалж, Улсын Дээд шүүхийн 2024.10.29-ний өдрийн шийдвэрийг биелүүлсэн тул тус үйлдвэрийн газар нь хууль тогтоомж зөрчөөгүй болно.

ГУРАВ: . Weihai Changte Industrial Machinery Company Co.,Ltd компанийн ирүүлсэн тендерийн үнэ нөгөө оролцогчийн үнээс даруй 3 тэрбум төгрөгөөр бага байхад шалгараагүй гэх асуудлын талаар:

Нэхэмжлэгч талын “”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаар бүхий Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн багц №1, Өндөр даралтын булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх ажилд Weihai Changte Industrial Machinery Company Co.,Ltd-ийн ирүүлсэн тендер шаардлагад нийцсэн гэж дүгнэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүх шатны шүүхээс хангаагүй нь захиалагчийн тус компанийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэрийг үндэслэл бүхий болохыг нотолсон тул тухайн компанийн тендерээс хууль бусаар татгалзсан үйл ажиллагаа явуулаагүй болно.

Түүнчлэн Weihai Changte Industrial Machinery Company Co.,Ltd нь БНХАУ-ын Metso Outotec international trade(Tianjin) Co.,ltd компаниас үйлдвэрлэгчийн зөвшөөрөл ирүүлснийг Metso группын толгой компани болох Metso Finland OY-аас ирүүлсэн тодруулгад Metso Finland OY компани нь тоног төхөөрөмж үйлдвэрлэгч буюу тодорхой нутаг дэвсгэрт түгээх эрхийг олгох бөгөөд Metso-ийн бүтээгдэхүүнийг Монгол улсад түгээх эрхийг цорын ганц онцгой дистрибьютер нэр бүхий Монгол улсын хуулийн этгээд гэж мэдэгдсэний дагуу Weihai Changte Industrial Machinery Company Co.,Ltd компани нь Metso-ийн бүтээгдэхүүний гэрээт борлуулагч, итгэмжлэгдсэн аж ахуйн нэгж биш болох нь нотлогдсон бөгөөд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан техникийн шаардлага хангаагүй тул энэ төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчээр сонгох боломжгүй болсон.

Иймд захиалагч энэ үндэслэлээр Weihai Changte Industrial Machinery Company Co.,Ltd компанийн тендерээс татгалзсаныг бүх шатны шүүх үндэслэлтэй гэж шийдвэрлэснийг дээд хэсэгт тодорхой дурдсан болно.

ДӨРӨВ: Тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөн хязгаарласан, зарим оролцогч нарт тендер зарлахаас өмнө мэдээлэл задруулсан гэсэн асуудлын талаар:

– Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 57 дугаар зүйлд “Захиалагчид гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх”, 58 дугаар зүйлд “Өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гомдол гаргах” харилцааг тус тус зохицуулсан.

“Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын багц 1 Өндөр даралтат булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх ажил”-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаартай тендер шалгаруулалтын зарлалыг Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем (tender.gov.mn)-д 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олон нийтэд нээлттэй, ил тод байдлаар зарлаж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр нээсэн.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд тендерт оролцохыг сонирхогч этгээд тендер шалгаруулалтын баримт бичиг өрсөлдөөнийг хязгаарласан, нэг этгээдэд давуу байдал олгосон гэж үзсэн тохиолдолд Монополын эсрэг газар болон захиалагчид гомдол гаргах бүрэн боломжтой байсан байна.

Тухайлбал тендер шалгаруулалтын зарлал нийтэлснээс нээх хүртэлх хугацаанд тендер шалгаруулалтын баримт бичиг, техникийн тодорхойлолт болон бусад шалгуур үзүүлэлттэй холбоотой сонирхогч этгээд болон оролцогч нараас гомдол гаргаагүй нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан тендер шалгаруулалтын баримт бичигт өрсөлдөөн хязгаарласан, аливаа этгээдэд давуу байдал олгоогүй болохыг нотолж байна.

Мөн Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамыг шинэчлэх ажлын хүрээнд өндөр даралтат булт нунтаглагчийн нэвтрүүлэх техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/, зураг төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэх гэрээг Соёолон интернэшнл ХХК-тай 2022-2023 онд байгуулан ажилласан бөгөөд ТЭЗҮ боловсруулах шатанд Соёолон интернэшнл ХХК-иас Metso болон FLS компаниудад хүдрийн дээж хүргүүлж, туршилт, судалгааны ажил хийлгэсэн талаар тайланд тусгасан.

Ийм учраас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс худалдан авах ажиллагаа зохион байгуулахад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан зарчмыг ягштал мөрдөн ажиллаж байна.

ТАВ: Сэтгүүлч С.Б: Орхон аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.У-г хэдэн төгрөг авахаараа, хэчнээн хэмжээний авлига авахаараа ийм шийдвэр гаргачихдаг юм бол” гэх асуудлын талаар:

-“Weihai Changte Industrial Machinery Company Co.,Ltd” компанийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зохион байгуулсан “Өндөр даралтын булт нунтаглагчийг нэвтрүүлэх ажлын багц 1 Өндөр даралтат булт нунтаглагчийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт, тохируулга хийх ажил”-ын ЭҮТӨҮГ/2023101230 дугаартай тендер шалгаруулалттай холбоотой захиргааны хэрэгт тус үйлдвэрийн газар хариуцагчаар оролцсон.

Тухайлбал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд шүүх болон шүүгчийн үйл ажиллагаанд нөлөөлөх үйлдэл гаргаагүй болохыг мэдэгдэж байна.

Нэр бүхий сэтгүүлчийн зүгээс илт нэг талыг барьсан, хараат бус шүүхийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлж, үгсэн хуйвалдсан, авилга ашиг сонирхлын зөрчилтэй мэтээр үйлдвэрийн газрын уурхайчин бидний ажил хэргийн нэр хүндэд ноцтой халдаж байгаа тул хууль, хяналтын байгууллагад шалгуулахаа үүгээр мэдэгдэж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомж, шүүхийн шийдвэрийг биелүүлэн ажиллаж байгаа тул ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд түгээхгүй байхыг хүсье.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *