Н.Тэгшбаярын нүүр номдоо оруулсан постыг онцлон хүргэе. Тэрбээр “Физикт хэрэглэгддэг математик аргууд хэмээх номоо хэвлүүлэхээр ажилласаар байна. Байгаль ертөнц дуугүй мэт боловч өөрийн хэлтэй. Тэр хэл нь тоо, харин тэр тоон утгыг ойлгуулдаг ухаан нь физик. Физик бол орчлонт ертөнцийн үзэгдлийг зүгээр нэг ажиглаад өнгөрөх бус, загварчилж, тооны хэлээр тайлбарлаж, утга, шалтгаан, үр дагаврыг холбон тайлбарладаг гайхамшигтай шинжлэх ухаан.
Харин тэр хэлний суурь нь математик гэдгийг дахин тэмдэглэмээр байна.
Бид хөдөлж буй биетийг ажиглахдаа, хурдаа нэмэгдүүлж буй машиныг мэдрэхдээ, гэрэл хэрхэн тархаж байгааг харахдаа дандаа математикийн аргуудад түшиглэн сэтгэж байдаг. Эдгээр физикт хэрэглэгддэг тоон аргууд нь зөвхөн мэргэжлийн судлаачдын асуудал биш, физикийн хэрэглээний үндсэн аргууд юм. Үүний зэрэгцээ логик сэтгэлгээг цэгцэлж, үзэгдлийн цаадах шалтгааны холбоог олж харахад, дэлхий ертөнцийг илүү гүн гүнзгий утгаар ойлгоход тусалдаг ерөнхий боловсролын суурь тулгуур гэж ойлгож болно. Тиймээс физикт хэрэглэгддэг тоон аргуудыг сонирхолтой хэлбэрээр хураангуйлан тайлбарлахыг зорилоо.
Алгебр бол асуудлыг эмхэлж, цэгцлэх ухаан. Геометр бол орон зайг төсөөлж толгойд буулгах төсөөллийн хүч. Калкулус бол өөрчлөлтийн хэмнэл, хөдөлгөөний дотоод зүй тогтол. Статистик нь бодит хэмжилт, туршилтыг нэгтгэн, жинхэнэ үнэн рүү ойртуулах билгийн нүд мэт санагддаг. Тооны онол логикийг хурцалж, шугаман алгебр квант физик, инженерчлэл, алгоритмын ертөнцийн тулгуур багана болдог. Дискрет математик бол өнөөгийн дижитал амьдралын ард орших бүтэц код, мэдээллийн урсгал, сүлжээний үндсэн хэл гэж ойлгож болохуйц.
Харин дифференциал тэгшитгэлүүд бол байгаль өөрөө амьд хэлхээст орчлон гэдгийг тооны хэлээр нарийн загварчлах боломж олгодог хүчтэй арга. Дулаан тархах, биет өөрчлөгдөх хөдөлгөөн бүхэн дифференциал хэлээр ярьдаг гэж ойлгомоор. Тоон аргуудын нэг болох оновчлол нь аливаа тогтолцооны хамгийн сайн боломжит шийдлийг олоход тусалдаг. Харин графийн онол нэмэгдэхэд холболт, сүлжээ, урсгал, энергийн дамжуулалт нүдэнд ил болсон мэт тодорч эхэлдэг.
Эдгээр математик аргууд нийлээд физикийн шинжлэх ухааны зуу зуун жилийн хөгжлийг түшиж ирсэн олон талт тулгуур болдог. Эцэст нь тэмдэглэхэд, энэ бүхэн зөвхөн физикчдэд бус, орчлонгийн утгыг илүү гүн, илүү системтэй ойлгохыг хүссэн хүн бүрийн эзэмших үнэт эрдэм бол тоо юм.
Физик бол “яагаад” гэдэг асуултаас эхэлдэг. Математик бол түүнд хариу олоход тусалдаг анд нөхөр” хэмээжээ.
Норовын Тэгшбаяр, PhD in Physics
2025.11.23




