Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн баталжээ. Тодруулбал, Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг 2025.12.16-ны өдөр зохион байгуулахаар товлосон байна. Нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг 2025.12.12-ны өдрийг хүртэл хүлээн авахаар, тус сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тусгасан төслийг танилцуулжээ.
Улсын Их Хурлын 2021.07.02-нд баталсан “Монгол Улсын Их Хурлаас албан тушаалтныг томилохтой холбогдуулан томилгооны сонсгол зохион байгуулах журам батлах тухай” 58 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхийг хүссэн.
Иймд Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын даргалагчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулан шийдвэрлэжээ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 57.9 хувь нь уг саналыг дэмжсэн тул “Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 78.9 хувь нь тус тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна. Монголбанкны одоогийн Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн үүрэгт хугацаа дуусаж байгаа юм.





