эдийн засаг

О.ЦОГТГЭРЭЛ: ТАТВАРЫН ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл дараахь мэдээлллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар татвар дээр 320 мянган иргэн, аж ахуй нэгжийн 6.5 их наядын татварын өр, татварын хүү, алданги хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наядын татварын өртэй иргэн, аж ахуй нэгж байсан бол нэг жилийн дотор 6.5 их наядын татварын өр, хүү болон торгууль төлбөр хуримтлагдсан байна. Тухайлбал, өнгөрсөн жил 50 мянган аж ахуй нэгж татварын өртэй байсан бол энэ жилд 70 мянга болж, өссөн. Мөн 220 мянган иргэн татварын өртэй байна.

Ардчилсан намын бодлого бол төр иргэндээ эдийн засгийн боломжийг авчрах ёстой, төрийн дарамтыг бууруулах ёстой гэх үзэл баримтлалтай улс төрийн хүчин.

Миний хувьд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэ хүрээнд татварын өршөөлийн асуудлыг ярих цаг нь болсон гэж үзэж байна. Улс орнуудын хувьд 10 жилийн давтамжтай өршөөлийн асуудлыг эргэж хардаг практик хүртэл байдаг. Эдийн засгийн өршөөл, татварын өршөөл нь жижиг дунд үйлдвэр болон аж ахуй нэгжүүдийг түлхүү хамруулах хуулийн зохицуулалт хийх шаардлагатай. Татварын өршөөлд аж ахуй нэгжийг 100 хувь хамруулахаар татвараа төлсөн компани нь хохирдог тал бий. Хуулиа хэрэгжүүлсэн аж ахуй нэгж сэтгэл дундуур үлдэх нөхцөл байдал үүсдэг. Тэгэхээр 100 хувь биш хуримтлагдсан татварынх нь 10-30 хувийг нь өршөөх байдлаар зохицуулалт хийх боломж бий. Ер нь бол татварын өршөөл үзүүлэх хэрэгтэй гэдэг бодлого барьж ажиллаж байна.

Хоёрт, Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулахтай холбогдуулж нийгэмд нэлээн өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг болсон. Уг хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэж эхэлнэ. Одоогоор нэг хайрцаг янжуур тамхинд 800 орчим төгрөгийн Онцгой албан татвар төлдөг юм байна. Тав орчим жилийн хугацаанд Онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлснээр тамхинд ногдуулах Онцгой албан татвар 10 мянган төгрөг болж нэмэгдэхээр байна. Нэг хайрцаг тамхи 4000-5000 төгрөгөөр худалдаалж байгаа бол ирэх жилээс 10-20 мянган төгрөг болохоор байна. Сонсоход сайхан байж магадгүй, тамхинд ногдуулах Онцгой албан татвар нэмэгдэхээр. Гэхдээ энэхүү зохицуулалт нь хууль хэрэгжихгүй байх нөхцөл үүсгэж, бусад төрлийн мансуурал руу иргэдийг түлхэх, хууль бус худалгааг үүсгэх вий гэдэг сануулгыг бүлгийн гишүүд өглөө” гэсэн юм.

LEAVE A RESPONSE

Your email address will not be published. Required fields are marked *