Японы ерөнхий сайд Такaичи Санаэ Украины сэргээн босголт, нөхөн сэргээлтийг дэмжих тусламжийг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй Лхагва гаригт (2025.11.05) анх удаа утсаар ярилцах үеэрээ тусламжаа үргэлжлүүлэх тухай мэдэгдсэн юм. Удирдагч нар ойролцоогоор хагас цаг утсаар ярьсан байна.
Энэ үеэр Такaичи Украины талд баттай зогсох Японы байр суурь өөрчлөгдөөгүйг онцлон тэмдэглэсэн байна.
Тэрбээр “Оросын түрэмгийллийн үр дагавар нь олон улсын дэг журамд нөлөөлж байгаа тул Япон улс Украины шударга, удаан хугацаанд үргэлжлэх энх тайвныг тогтоох хүчин чармайлтыг тууштай дэмжсээр байх болно” гэж мэдэгджээ. Нөгөө талаас, Зеленский мөн өдөр цахим хуудсандаа Такaичитэй утсаар ярилцсанаа дурдсан байна. Зеленский Такаичиг ерөнхий сайдад албан тушаалд томилогдсонд нь баяр хүргэсэн. Мөн Оросын довтолгоо эхэлснээс хойш тууштай тусламж үзүүлж, зарчмын байр сууриа хадгалж ирсэн Япон улсад Украин талархаж байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр Япон улс эрчим хүчний салбарт шаардлагатай тоног төхөөрөмжөөр туслахад бэлэн байгааг өндрөөр үнэлж байгаагаа хэлээд, энэ нь Украины иргэдэд ирэх өвлийг даван туулахад чухал тус болно гэжээ. Зеленский мөн Такaичиг Украинд айлчлахыг урьсан байна.





