Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар нүүр номноо байр сууриа ийн илэрхийлжээ. “Марзан юм ч хойно хойноосоо цуврах нь дээ. Хуульч муульч, судлаач мудлаачууд үсэрч гарч ирж мэдэгдэл хийцгээгээд л. Нэр алдартай хуульчид Үндсэн Хуулиа цээжээрээ хамгаалах маягтай юм яриад л…
Үнэндээ ҮХ-ийн үзэл санааг мянга түмэн удаа зөрчиж, эрх чөлөө ардчиллыг эрх баригчид үнэгүйдүүлж, алхам алхмаар дарангуй тогтолцооны суурийг цутгаж байхад тэд яасан юм бэ? “Улс төрийн намын тухай хууль”, “УИХ-ын сонгуулийн тухай хууль”, “Зөвлөлдөх ардчиллын тухай” гээд ҮХ-иар тунхагласан иргэдийн эвлэлдэх, сонгох сонгогдох эрх гэж ардчилсан нийгмийн суурь зарчимд харшилсан хуулиудыг гаргаж байхад та нар минь хаана байсан юм бэ?
Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахдаа олонхийн засаглалыг олны хэмээн өөрчилж цөөнх засаглах эрх үүсгэснийг мэдээгүй юу?
Иргэд нь өдөр тутам төрийн хүчирхийлэлд автаж, эрх чөлөө өмчлөх эрхэнд халдаж байхад гав ч хийгээгүй байж олигархуудын байр суурь хөндөгдөнгүүт хоороороо орилцгоож гэнэ. Мөн мөнгөний эздийн хэн нь эрх барих асуудал гарангуут бөөн бөөнөөрөө ҮХ-иа хамгаалагч болон тодрох гэж үзэж гэнэ. Миний хувьд ҮХ бол үзэл санааны тулгуур болохоос улс төрийн хэрэгсэл болох ёсгүй.
Эргээд нийгмээ нэг хараарай. Манай нийгмийг доройтуулсан хулгайчууд, мөнгөтнүүдэд манай эрх чөлөө, тусгаар тогтнол түй ч хамаагүй, тэдэнд төрийн эрх мэдлийг атгах л сонирхол байна. Эрх мэдлийн тэмцэл эцэстээ мөнгө л ялснаар дуусдаг гэж нэгэн “хүн” хэлж байсныг санаж байна. Энэ бол бичигдээгүй хууль юм шиг байна.
Миний мэдэрч буйгаар Зандангийн талд бүхий л мөнгөтөн, олигархууд Ерөнхийлөгчийн хамт байх шиг. Маш шуурхай ажиллаж, УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох ажиллагаа бүхий л хэлбэрээр өрнөж байна даа. Надад Занданшатарыг хувь хүнийх нь хувьд өмгөөлөх, эсвэл муулах шалтгаан байхгүй ч түүний эргэн тойрон, хөхүүлэн дэмжигч олигархууд, ямар ч аргаар эрх мэдэл атгахыг хүсэгчдийг харахаар ой гутаж байна.
Эцсийн бүлэгт Занданшатарыг огцруулахаар санал өгсөн УИХ-ын гишүүд томьёоллоос үл хамааран саналаа өгсөн гэж найдаж байна. ҮХЦ-ийн шийдвэр яаж ч гарсан, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсан эсэхээс үл хамааран УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага болохын хувьд ямар нэгэн процессийн алдаа гаргасан бол түүнийгээ засаад явах бүрэн боломж, эрх нь байж л байгаа. Яах вэ хугацаа л алдах байх. Мөнгө ялах уу, үзэл санаа ялах уу гэдгийг харах цаг болж дээ.





