Францын ерөнхийлөгчөөр 2007-2012 оны хооронд ажиллаж байсан Николас Саркози Ливийн удирдагч асан Муаммар Каддафийн мөнгөөр 2007 оны сонгуулийнхаа кампанит ажлыг хууль бусаар санхүүжүүлэхийг оролдсон хэргээр таван жилийн хорих ял авчээ. Ингэснээр Саркози Францын шоронд орж буй анхны ерөнхийлөгч болж байна. Түүхийн хуудас сөхвөөс Францын удирдагч шоронд орсон хамгийн сүүлийн тохиолдол нь 1945 онд, дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудтай хамтарсан Филипп Петэн гэгч урвагчийг хорьсон явдал байв.
Одоо 70 настай Саркози Парис хотын Ла Сантэ гэх шоронд өндөр хамгаалалт дор хүргэгдсэн. Түүнийг бусдаас тусгаарласан 9 м.кв хэмжээтэй камерт байрлуулжээ.
Албаныхны мэдээлснээр, аюулгүй байдлын үүднээс тусгаарлан хорих болсон аж. Камерт нь суултуур, шүршүүр, бичгийн ширээ, жижиг зурагт байгаа ба өдөрт нэг цаг ганцаараа гадаа гарах эрхтэй. Тэрбээр өөрийгөө буруугүй гэх байр сууриа хадгалсан хэвээр байгаа юм. Шорон руу хүргэгдэхээсээ өмнө Саркози “Үнэн ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ төлөх үнэ нь хэтэрхий өндөр байна” хэмээн цахим хуудсандаа бичжээ. Мөн тэрбээр “Өнөөдөр шоронд хоригдож буй хүн бол ерөнхийлөгч биш, харин гэм буруугүй нэгэн” гэжээ.
Түүнчлэн гэр бүлийнхэн нь юу ч тохиолдсон дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хүү Луис нь олон нийтийг шоронгийн гадна дэмжлэг үзүүлэхийг уриалснаар 100 гаруй хүн цугларчээ. Нөгөө хүү Пьер нь аавыгаа юу ч болсон зоригтой байхыг уриалсан байна. Хэдийгээр Саркози бусад эрх мэдэлтнүүдээс ямар ч төрлийн дэмжлэг хүсээгүй ч одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хууль зүйн сайд Жеральд Дарманин нар түүнд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлнэ гэж онцолжээ.
Шүүхээс Саркозиг хоёр туслахтайгаа хамтран Ливи улсаас нууцаар хөрөнгө босгоход хуйвалдсан гэж буруутгасан бөгөөд Саркози өөрийн гар дээр мөнгө авсан нь нотлогдоогүй ч гэмт хэрэгт оролцсон гэж буруутгагджээ. Гэсэн хэдий ч Саркози шүүхэд давж заалдах хүсэлт өгсөн юм. Улмаар дамж заалдах шатны шүүх хурал 2026 оны гуравдугаар сард болохоор төлөвлөгджээ. Шоронд орохоосоо өмнө тэрбээр сэтгүүлчдэд “Би шоронгоос айхгүй. Би толгой өндөр алхана” гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн шоронд Есүсийн амьдрал болон Монте Кристо гүн номыг авч оржээ.





